Цахилгааны үнэ нэмэгдсэн асуудлаар манай сурвалжлах хэсэг Эрчим хүчний зохицуулах хорооноос тайлбар авлаа
ЭХЗХ-ны дарга О.Тлейхан "Манай байгууллага цахилгааны үнийг нэмдэггүй. Хуулиараа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх компаниуд үнэ тарифаа нэмэгдүүлэх саналаа ирүүлдэг. Бид хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс хянаж үзээд, бодит тариф мөн эсэхийг хянаад баталгаажуулдаг. Одоогоор 35 байгууллагаас санал ирчихсэн байна. Хуулиар тогтоосон тариф гэж бий. Дөрвөн салхины болон нарны эх үүсвэр ашиглалтад ордог. Тэдгээрийн тарифийн зөрүү том тоо гарсан. Эдгээрийг бид батлахаас өөр аргагүй. Хууль зөрчиж болохгүй.
Эрчим хүчний салбар санхүү эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа. Нүүрсний үнэ 40 орчим хувиар нэмэгдсэн. Тээвэр 10 орчим хувиар нэмэгдсэн зэрэг гадаад хүчин зүйлээс хамаарч эрчим хүчний үнийг үе шаттайгаар нэмэгдэхээс өөр аргагүй. Уул уурхайн салбар гэх мэт томоохон хэрэглэгчдийн үнийг нэмнэ. Айл өрхийн цахилгааны үнийг аль болох нэмэхгүй байхаар судалж байна.
Ахуйн хэрэглэгч гэр хорооллын хэрэглэгчид буюу 650 000 өрх бий. Монголчуудын дундаж хэрэглээ сардаа 220 кв. Өнгөрсөн жил эдгээр өрх айлууд 63 тэрбум төгрөгийн хөнгөлөлт авсан.
Дэлхийн түвшинтэй харьцуулбал манай орны цахилгааны үнэ хоёр дахин хямд байгаа" гэлээ.
Харин Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн
"Тавдугаар сараас тариф хоёр үндсэн зарчмаар тооцогдоно. Айл өрхийн хэрэглэгчид бодит өртөгөөс 30-40 хувийн хөнгөлөлт авдаг. Жилд 100 орчим мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг" гэлээ.
-Энэ жил цахилгааны үнэ нэмэгдэхгүй гэсэн үг үү?
-Хуулийн дагуу зохицуулалт хийгдэх ёстой. Үндсэн цахилгааны тариф гадаад хүчин зүйлээс хамаарч нэмэгдэнэ. Үе шаттай өөрчлөлт орохоос өөр аргагүй. Харин хэрэглэгчийн үнэ тарифийг нэмэхгүй байх талаас нь судалж байна.
-Айлуудын тогны мөнгө нэмэгдсэн байна лээ шүү дээ?
-Хэрэглэгчийн үнэ тариф нэмэгдээгүй. Албан ёсны вэбсайтаас мэдээллийг аваарай.