БНХАУ-ын шүүх Канад улсын иргэнийг мансууруулах бодисын төрлийн метамфетаминыг үйлдвэрлэж, хууль бусаар худалдаалсан хэрэгт буруутган цаазын ял оноогоод байна. 2019 он гарснаас хойш Хятадын Засгийн газар Канадын улсын хоёр дахь иргэнд цаазаар авах ял оноолоо.
Өнгөрсөн нэгдүгээр сард Канадын иргэн Роберт Лойд Шелленбэргэд Хятадын шүүх 15 жилийн хорих ял оноосон байснаа цаазын ял болгон өөрчилсөн бол Фан Вэй гэгчид өчигдөр дахин цаазаар авах ял оноожээ.
2018 оны 12 дугаар сард Канад улс АНУ-ын хүсэлтээр Хятадын Huawei технологийн компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг баривчилснаас хойш хоёр улсын харилцаа хурцатсан. Канадын Засгийн газар Хятадын шүүхийг өөрсдийн дур зоргоор үхлийн ял оноож байна хэмээн зэмлэн буруушааж байна.
Мягмар гарагт Хятадын шүүх 10 гэмт хэрэгтний хэргийг авч хэлэлцсэний тав нь Америк, Мексикийн иргэд байжээ. Канадын иргэнд цаазын ял оноосон талаар илүү тайлбар хийгээгүй байна. Эдгээр гэмт этгээдүүд 2012-2013 оны хооронд баривчлагджээ.
Канад улсын Гадаад хэргийн яамны сайд Кристиа Фрийлэнд мэдэгдэл хийж иргэнд нь цаазын ял оноосон явдлыг эсэргүүцэж байгааг илэрхийлжээ. “Цаазын ял нь хүнлэг бус шийтгэл тул дэлхийн аль ч улсад цаазын ялаас татгалзаасай гэж хүсч байна” хэмээн сайд мэдэгдсэн байна.
Huawei-н санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг баривчлагдсаны дараа Канадын иргэд Майкл Ковриг, Майкл Спаров нарыг Хятадын эрх баригчид үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзэн одоог хүртэл саатуулаад байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com