Баян-Өлгий аймагт хоёр хүн тодорхой бус шалтгааны улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас баржээ. Аймгийн Онцгой комиссоос урьдчилсан байдлаар тарваган тахал гарсан байж болзошгүй хэмээн хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
Өвчилсөн болон нас барсан иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй тул тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 12.2.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байхаар хориглосон шийдвэр гаргажээ.
Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос энэ талаар утсаар тодруулахад “Нас барсан иргэдээс дээж авч, Улаанбаатар хотод шинжилгээнд явуулсан боловч хариу нь гараагүй байна. Яагаад гэвэл шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд тухайн хугацаа нь маргааш дуусгавар болно" гэсэн юм.
Шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Өлгий сумаас гарах, орох хөдөлгөөнийг зогсоож, тус сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаажээ. Иймд хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хүндэтгэлтэй хандахыг иргэд та бүхнээс хүсэж байна.