Японы ард түмэн өнөөдөр шинэ эзэн хаан Нарухитог хүндэтгэлтэйгээр угтан авч мэндчиллээ. Сүр жавхлант эзэн хаан Акихито өчигдөр хаан ширээгээ орхиж, түүний хүү ийн улсын эзэн хааны суудалд албан ёсоор морилж байна. Акихито 200 жилийн түүхэнд амьд ахуй цагтаа хаан ширээгээ залгамжлуулсан анхны эзэн хаан болж байгаа юм. Тус улсад эзэн хаан улс төрийн хүрээнд шийдвэр гаргах эрх мэдэлгүй ч үндэсний үнэт зүйл, агуу бэлгэ тэмдэг юм.
Шинэ эзэн хааныг өргөмжлөхтэй зэрэгцэн Рэйва эриний он тоолол эхэлж байна. Япон улсад хаан бүр өөрийн гэсэн он тооллыг эхлүүлдэг уламжлалтай. Өчигдөр хаан ширээгээ өвлүүлсэн эзэн хаан Акихитогийн Хэйсэйн эрин өнгөрсөн шөнийн 00 цагаар дуусгавар болсон. Тэрээр "би дэлхийн төдийгүй өөрийн улсын ард түмний сайн сайхан, аз жаргалын төлөө үргэлжлүүлэн залбирсаар байх болно" хэмээн хэлжээ.
Орон нутгийн цагаар өглөөний 10 цаг 15 минутад эхэлсэн Кенжи-то-Шокей-но-ги буюу эзэн хааныг өргөмжлөх ёслолоор энэ жил 59 настай Нарухито толь, илд, эрднийн чулуу гэсэн өмнөх хаадаас үе дамжин уламжлагдан ирсэн бэлгэ тэмдгийн эд зүйлсийг гардан авсан юм. Япон улсын 126 дахь эзэн хааныг залах ёслолд хааны удмын зөвхөн насанд хүрсэн эрчүүд оролцох ёстой ч Засгийн газрын танхимын цорын ганц эмэгтэй гишүүн Сацуки Катаяама байлцсан байна.
Шинэ хаан Нарухито түүний гэргий Масако нар нэг охинтой. Японы хуулиар эмэгтэйчүүд угсаа залгамжлах эрхгүй байдаг. Тиймээс дараагийн угсаа залгамжлах хунтайжаар Нарухитогийн дүү Фумихито нэрлэгдэж, Фумихитогийн бага хүү 12 настай Хисахито хоёр дахь үеийн угсаа залгамжлах хунтайж болж байна.
Энэ долоо хоногт япончууд Алтан Долоо хоног гэгддэг хаврын амралтаа эхлүүлжээ. Хунтайж Нарухито шинээр хаан ширээнд заларч байгааг тохиолдуулан амралтын хоногийг 10 болгон сунгажээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com