Д.Дорж
Монгол орон төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшдэг цөөн нутгийн нэг болох Тост, Тосон бумбын нурууг “Ирвэс хамгаалах сан” ТББ-ын биологич, сайн дурын зүтгэлтэн асан Т.Лхагвасүмбэрэл өөрийн халуун амиараа бидэнд таниулж өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Харамсалтай нь түүний амиа золин байж хамгаалсан Тосон бумбын нурууг уул уурхайн компаниуд ухаж төнхөөд эхэлсэн бөгөөд зүтгэл нь төрийн түшээд, тэдний бичсэн хуулийн үйлчлэлээр талаар болсон гэдэг мэдээлэл байна.
Одоогоор Тост, Тосон бумбын үзэсгэлэнт нуруунд Монгол орны улаан дансанд бүртгэгдсэн 15 зүйлийн том сүүн тэжээлтэн, 26 зүйлийн жижиг хөхтөн, долоон зүйлийн шувууд амьдарч байгаа гэдэг нь бүртгэгдсэн. Мөн 10 зүйлийн ховор ургамалтайн дээр өмнийн говийн усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндий газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог онцлогтой аж. Тиймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Монгол орны 33 говийн нэг болох Хөхөлцөгийн говийн булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг усыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох нэн аюултайд тооцогддог байна. Талийгаач ирвэс хамгаалагч залуу төдийгүй нутгийн иргэдийн зүгээс ч булаг шандаа хамгаалахаар уул уурхайн компаниудын эсрэг хөдөлгөөн өрнүүлээд олон жилийн нүүр үзсэн. Гэвч ирвэс хамгаалагч залуугийн учир битүүлгээр нас барсан явдал өнөө хэр нь тайлагдаагүй байтал Тосон бумбын нууртай хил залгаа уурхай хөлс хуулалт хийгээд эхэлжээ. Тоос шороо нь булаг шандад сөргөөр нөлөөлж, том оврын машин механизмуудын дуунаас болж ан амьтад дайжихад хүрээд байгаа гэнэ.
“САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ЯАГААД ЦУЦАЛДАГГҮЙ ВЭ
Энэ асуултын хариулт маш энгийн. Анх л говийн энэ үзэсгэлэнт нурууг тусгай хамгаалалтад авах асуудал яригдаж эхлэхэд, УИХ дахь тэрбумтнуудын төлөөлөл Б.Чойжилсүрэнгийн нэр товойж байлаа. Нутгийн иргэд ч тус компанийг Б.Чойжилсүрэнгийнх хэмээн мэдээллэж эхэлсэн. Энэ тухай нутгийн иргэд орон нутаг, газар дээр нь тэмцэл өрнүүлээд зогсохгүй нийслэлд ирж төр засагт дуу хоолойгоо хүргэсэн юм. Үр дүнд нь УИХ 2016 онд 36 дугаар тогтоол баталж, Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газарт бүртгэн тусгай хамгаалалтад авсан байдаг.
Ингэхдээ тусгай хамгаалалтад авсан 743 мянган га талбайн хилийг тогтоохдоо “Сауд гоби коэл транс” компанийн лицензтэй талбайг зориуд үлдээгээд шугам татчихжээ. Үүнд улс төрийн томоохон лобби явагдсан гэдэг хардлага явсан ч тэгсхийгээд намжсан юм. Улмаар 2017 онд Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар эрх бүхий байгууллагуудын төлөөлөлтэй хамтран газар дээр нь ажиллаж, байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээг хийгээгүй байгаа нь холбогдох хууль журмыг зөрчсөн хэмээн үзээд, “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргасан юм. Үүнтэй холбогдуулан “Сауд гоби коэл транс” компани заргалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэр орон нутгийн иргэдийн талд гарч байжээ. Гэвч дээд шатны шүүхийн шийдвэрээр “Сауд гоби коэл транс” компани ийнхүү байгаль орчинд нөлөөлөх хүртлээ үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Одоо тус компанийн үйл ажиллагаа явуулж буй газар бол дээр дурдсан булаг шандын гол зангилаа бөгөөд анх 2011 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулснаар хойш өнөөг хүртэл сүйлдэлсэн гэсэн үг.
Тост, Тосон бумбын нуруунаас ундаалдаг энэ хэсэгт 13 булаг, заган шугуй, дэлхийн улаан номонд орсон Тооройн төгөл байдаг. Ийм газарт олборлолт явуулах эрхийг 2045 он хүртэл “Сауд гоби коэл транс” компанид олгосон тул энэ хугацаанд ордын бүх алт, нүүрс ачигдаад дуусах нь дамжиггүй. Хамгийн харамсалтай нь лиценз эзэмшигчид ашгаа олоод алга болно. Харин Хөхөлцөгийн говийн усны судал бүр мөсөн нүд аниж, энэ нутгийн иргэд, амьтад харангадах ирээдүй харагдаж байна. Ийм тодорхой дүр зураг байсаар байтал байгаль орчны асуудал эрхэлсэн сайд тэргүүтэй шийдвэр гаргагчид дуугүй суугаа нь бүр ч харамсалтай.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ БАЙХГҮЙ УЧРААС ТОСОН БУМБЫН НУРУУНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА
Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн энэ талаар өнгөрөгч долоо хоногт тайлбар хийхдээ “Гадаадынхан эзэмшиж байсан лицензийг “Сауд гоби коэл транс” компани 2011 онд худалдаж авсан юм билээ. 2013 ашиглалтын лиценз болгож авсан. Тост, Тосон бумбын нууруунаас 58 км хол газарт уурхай байрладаг. Тэр 50 км-ийн цаана ховор амьтан, ургамал нь байдаг юм гэсэн. Миний нэр тэнд явж байгаа учраас шантааж хийх гэсэн олон хүн байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа МАК, Эс Жи Эсийн уурхайтай яг залгаа үйл ажиллагаа явуулдаг. Тэнд 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, цалин хөлс олгож байна.
Энэ нийгмийн асуудал биш үү. Хоёрдугаарт, татвар төлж байна. Гуравдугаар, Тосон бумбаас хол байгаа. Гэтэл яагаад бусад уурхайнуудыг ярихгүй зөвхөн намайг оролдоод байгаа юм. Би улс төрд байгаа учраас ийм асуудал гарч байна. Одоо хууль зөрчсөн үйлдэл байхгүй учраас Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа. Ирвэстэй хэсгийг тусгай хамгаалалтад авах нь зөв. “Сауд гоби коэл транс” компанийн уурхай яг залгаа баруун талд нь байгаа. Ан амьтан эх орноо зольсон зүйл огт байхгүй” гэсэн. Тэгвэл эрхэм гишүүн 2017 оны гуравдугаар сарын 31-нд “Сауд гоби коэл транс” гэдэг компанийн 50 хувийг би эзэмшиж байсан нь үнэн. Зээл авсан компани байсан. Би хамт ажиллаж байсан залуучууддаа 50 хувиа шилжүүлж өгснөөр миний оролцоотой компани байсан гэж ойлгож болно” хэмээж байжээ.
Түүний удаа дараагийн тайлбараас харахад, цоохор ирвэсийн орон төдийгүй, говийнхныг ундаалдаг Тост, Тосон бумбын нурууг тайван орхих бодолгүй байгаа бололтой юм. Тэрбээр одоо Төсвийн байнгын хорооны даргын хариуцлагатай албыг хашдаг. Бас л нөлөө бүхий албан тушаал шүү.