Өнгөрсөн сард нийслэлийн Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singapore school of Mongolia” сургуулийн багш, ажилтан, сурагчид хоолны хордлогод орсон. Иймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус сургууль болон хоолны газарт нь хяналт шалгалт хийжээ. Тус сургуулийн хоолны газрыг “УНЭТО трейд” ХХК түрээслэн ажиллуулдаг бөгөөд дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн үйл ажиллагааг нь бүхэлд нь түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан байна.
Уг хоолны газраас лабораторийн шинжилгээнд найман нэрийн хоол, 13 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, есөн орчны эд зүйлийн арчдас авчээ. Мөн өрөөний агаар, төвлөрсөн шугамын унд, ахуйн ус болон будаа агшаасан ус, шүүсэн уснаас дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлжээ. Лабораторийн шинжилгээгээр боловсруулсан долоон нэрийн хоол, хоёр нэрийн хүнсний бүтээгдэхүүн, арчдасны нэг буюу 11.1 хувь, шүүсэн усны дээжинд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээнээс нянгийн бохирдол их гарчээ.
Нян судлалын шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас нян илэрсэн нийт 44 хүн байгаа юм. Үүнээс 34 сурагч, найман багш, гал тогооны хоёр ажилтан байжээ. Хоолны газрын ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй буюу дөрөвдүгээр сарын 1-нд хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир зайлуулах шугам хоолой бөглөрч, бүрэн байдал алдагдсан, халдваргүйтгэл хийлгээгүй нь халдварт өвчнийг дамжуулах хүчин зүйл, эрсдэлийг нэмэгдүүлсэн байна. Мөн хоолны газрын хоёр ажилчин гэдэсний халдварт өвчнөөр хөнгөн хэлбэрээр өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцож байсан нь халдварын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэй хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Харин төвлөрсөн шугамын унд ахуйн ус нь хими, нян судлалын шинжилгээгээр холбогдох стандартын шаардлага хангасан байна. Мөн тахианы мах нийлүүлэгч дөрвөн аж ахуйн нэгжээс тахианы махыг дээжинд авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд аюулгүй байдлын болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт нь зөвшөөрөгдөх хэмжээг хангасан ажээ.