УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд өчигдрийн 18.30 цагийн байдлаар 12 нам оролцохоор Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ өгчээ. Тодруулбал, МАН, АН, МАХН зэрэг 12 нам ирэх зургадугаар сарын 30-нд болох Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн байна. Тэдний хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороо хянаж, тав хоногийн дотор бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм.
Харин хуулийн шаардлага хангаж, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намууд энэ сарын 24-28-нд нэр дэвшигчдээ тодруулах бол бие даагчид тухайн тойргийн 800 гаруй хүний гарын үсэг цуглуулж, ирэх сарын 24-30-ны хооронд бүртгүүлэх юм байна. СЕХ-нд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгсний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН Сонгуулийн хуульд заасан 10 гаруй баримт
бичгийг бүрдүүлсэн. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлж байна.
Нэр дэвшигчийг намын Бага хурал хуралдаж, тавдугаар сарын 24-28-нд шийдвэрлэнэ. Хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж, судалж байгаа. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ тойрогт нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг мөн. Энэ удаагийн нөхөн сонгууль улс төрийн намууд, улстөрчдийн рейтинг тогтоосон сонгууль болно гэж бодож байгаа учраас МАН хариуцлагатай оролцоно” гэв. МАН-аас нөхөн сонгуульд өрсөлдөхөөр 4-5 хүний нэр яригдаж байгаа бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэсэн таамаг их байгаа билээ.
Харин Ардчилсан намаас Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх талаар мэдээлэл гарсан. Тэгвэл МАХН-аас тус намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Хэнтий аймгийн МАХН-ын дарга С.Ононбаяр нарын нэр дуулдаж байна. Энэ талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Сонгуулийн ерөнхий хороонд хуулийн хугацаанд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө. УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2016, 2017 оны сонгууль шиг хийж болохгүй. Удахгүй МАХН-ын Бага чуулганыг хуралдуулж, нэр дэвшигчээ тодруулна. Мөн хуулийн хугацаанд нэр дэвшигчээ Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ” гэсэн юм. Түүнчлэн нөхөн сонгууль явуулах зардлыг 287.6 сая төгрөгөөр баталсан. Үүнээс 246.1 сая төгрөгийг СЕХ, 32 сая гаруй төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая төгрөгийг цагдаагийн байгууллага зарцуулах аж. Тус тойргийн 21 хэсэгт санал хураалт явуулах бөгөөд 500 орчим хүн ажиллуулах юм байна.