СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-30

Малчид радио сонсч чадахгүй байгаа аж

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монголын радиогийн дахин дамжуулах станцууд радио өргөн нэвтрүүлгээ монгол улсын нутаг дэвсгэрт бүрэн хүргэж чадахгүй байна гэсэн нэг мэдээлэл саявтар олон нийтийн сүлжээнд гарсны мөрөөр бид Монгол Улсын зөвлөх инженер Т.Гантөмөртэй уулзаж энэ талаар сонирхлоо.

-Монголын радиогийн өргөн нэвтрүүлгийг хөдөөгийн хөдөлмөрчид сонсч чадахгүй боллоо гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд явж байсан. Энэ үнэн үү?

-Үнэхээр тийм байгаа. Өөрөөр хэлбэл дахин дамжуулах станцын нэвтрүүлэг цацах хүчин чадлыг зориудаар бууруулсан. Үүнийгээ улсын төсөв хасагдсан гэж тайлбарладаг. Гэхдээ шилэн дансаар нь орж харахаар төсөв хасагдаагүй байгаа юм. Ийм шалтгаар одоогийн хүчний радио станцуудын хүчин чадлыг 2016, 2017, 2018 онуудад ээлж дараалан бууруулсан. Одоо суурилагдсан хүчин чадлаасаа 10 дахин бага хүчин чадлыг ашиглаж байгаа гэсэн нэр зүүж байна. Хуучин монгол орны газар нутгийг бүрэн хамруулсан сүлжээ байсан бол хүчин чадлыг нь 10 дахин бууруулан ажиллуулж байгаа гэсэн нэр зүүж байгаа болохоор долгионы тархалт нь манай нутаг дэвсгэрийг бүрэн хамрахгүй байгаа юм. Онолын хувьд ч ийм боломж байхгүй. Хонхорын радио станцаас 500 кВтын хүчин чадал гаргахын тулд 35 мянган вольт хүчдэлээр тэжээдэг. Энэ 35 мянган вольт нь эргээд 10 мянган вольт болдог. Гэтэл үүний хүчин чадлыг багасгаад 2-3 мянган вольтоор тэжээж байгаа. Тэгэхээр тэр станц шаварт суучихсан машин шиг дороо хий эргээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл радио станцынхаа хашаанаас гарч байгаа эсэх нь эргэлзээтэй. Ийм байдалтай байна.

-Ашиглах ёстой хүчин чадлаа 10 дахин бууруулсан гэхээр одоогийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн хэдэн хувьд нь радио өргөн нэвтрүүлэг хүрч байгаа гэсэн үг вэ?

-Би инженерийн хувьд яг тэдэн хувьд гэж хэлж чадахгүй. Нийт нутаг дэвсгэрийн радио сонсгол, радио нэгдүгээр программын сонсгол нутаг дэвсгэрийн 75 хувьд хангалттай хүрдэг байсан. Харин өнөөдөр 10 юм уу таван хувьд хангалттай хүргэж байна гэж хэлж чадахгүй. Яагаад гэхээр радио станцуудад байгаа орон тоогоор хүмүүсийг цалинжуулаад, станцыг нь асаасан нэр зүүж, байгаа болохоос тархалтын хүрээ тэдэн хувьтай байна гэсэн тооцоолол байхгүй. Суурилагдсан хүчин чадлыг 10 дахин бууруулсан тохиолдолд тархалтын хүрээ 10 дахин буурна гэсэн томьёолол байхгүй. Өөрөөр хэлбэл 600 км-ийн радиуст нэвтрүүлэг дамжуулах ёстой радио станц 10 дахин буурлаа гэхээр 60 километрт дамжуулна гэсэн ойлголт онолын хувьд байдаггүй.

-Өөрийн чинь ажиллаж байсан газраас эхэлье. Одоо өргөн нэвтрүүлгийн станц хүчин чадлаа бууруулснаар ажлын үзүүлэлтүүд 10 дахин буурсан юм байна. Ажиллагсдын орон тоо хэвээрээ байгаа юу, эсвэл цомхотгол хийгээд аргагүй бүтээмж буурсан юм болов уу?

-Радио телевизийн сүлжээнд ажиллаж байсан инженер техникийн ажилчид, аймгуудын станцад ажиллаж байгаа боловсон хүчний орон тоо зохион байгуулалт яг хэвээрээ байгаа. Орон тоо, боловсон хүчин, техник, технологийн боломж нь хэвээрээ байгаа боловч төсөв хассан гэсэн шалтгаанаар радио өргөн нэвтрүүлгийн цацалтын хэмжээг багасгаж байгаа юм.

-Мянга мянган сонсогчиддоо зориулсан бүтээлээ радиогийн хамт олон өдөр бүр туурвиж байхад түүнийг нь цацахгүй бол ямар хэрэг байх вэ?

-Одоогоор үндэсний радиогийн программ бүх аймгуудад байгаа FM-ийн сувгаар дамжин хүрч байна. Гурван газар байгуулсан Японы станцуудаас зөвхөн Хонхорын станц ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Говь-Алтай, Мөрөнд байрлалтай 10 кВтын хүчин чадалтай станцуудыг зогсоочихсон байна. Шалтгаан нь мөн төсөв хассан гэсэн шалтагтай. Улаанбаатар, Хонхорын 50 кВт-ын богино долгионы станц ажиллаж байна. Ингэхээр аймгуудын FM-ээр цацагдаж байна. Үүн дээр нэмээд сүүлд интернэт радио гээч зүйл нэмэгдсэн. Сумын төвөөс гурван километрээс цааш алслагдсан хөдөө амьдарч байгаа бүс нутгийнхан мэдээллээс хол, харанхуй амьдарч байна.

-Малчид юманд хямгатай хүмүүс дээ. Хуучны радио хүлээн авагч гэрт нь байдаг байх. Тэгэхээр түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа юм байна?

-Өнөөдрийг хүртэл гурваас-дөрвөн жилийн хугацаанд сонирхож судалж үзлээ. Яагаад захиалагч байгууллага буюу Олон нийтийн радио телевизээс хэл ам гаргаж, дүгнэлт шалгалт хийдэггүйд асуудал бий. Тэд чинь манай нэвтрүүлгийг яаж цацаж байна, иргэд хөдөлмөрчдөд бүрэн хүрч байна уу гээд шалгаж дүгнэж шахаж шаардах ёстой. Хуучин цагт бол радио, телевизээс төлөөний хүн яваад манай нэвтрүүлгийг хүн сонсож байна уу, аль долгион дээр сонсч байна, сонсогдох байдал нь ямар байна гэх мэтийг очиж шалгадаг байсан. Миний мэдэж байгаагаар сүүлийн гурван жил ийм ажил лав хийгээгүй. Ганцхан Олон нийтийн радио, телевиз ч биш, Мэргэжлийн хяналтын байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо гэх мэт байгууллагууд ажлаа хийхгүй байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд хяналтын алба гэж бий. Тэд сүүлийн гурван жил энэ байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөгүй юм билээ. Уялдаа холбоо гээч зүйл ерөөсөө алга. Хуучин бидний үед сурвалжлагч ирээд энд тэдэн минут зогсоосон байна. Энэ ингэчихсэн байна гээд толгой хядчих гээд байдаг байсан.

Ер нь МАН ялсан 2016 оноос хойш энэ газарт хуучин ТАХАР-ын ерөнхий газар ажиллаж байсан удирдах баг очиж энэ газрыг самарсан. Ямар мэргэжилтэй хүмүүс очсон бэ гэхээр мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч, цагдаа, хуульч мэргэжилтэй хүмүүс энэ байгууллагыг удирдаад самраад дуусч байна. Дарга нь инженер хүн байдаг.

-Хэдийгээр олон телевизээс мэдээ, мэдээлэл авах орчин нь бүрдсэн ч гэсэн Үндэсний радиогоороо уламжлуулан сонсч ирсэн уламжлалт сайхан нэвтрүүлгүүдээ сонсохыг сонсогчид хүсдэг байх даа?

- Нэг сонсогч, нэг хэрэглэгчтэй байсан ч хамаагүй Үндэсний радио гэгч зүйл тусгаар улсын бодлогын хүрээнд байж байх ёстой зүйл. Үндсэн хуулиар заасан мэдээллийг тэгш хүргэхийн тулд улсын төсвөөс санхүүжүүлж байгаа байгууллага.

-Хонхорын станц болон дөрвөн аймагт байгаа станцууд техник технологийн хувьд хэр зэрэг шинэчлэгдсэн бол?

-Одоо ажиллаж байгаа радио станцууд 1978,1979, 1980,1984 онд ашиглалтад орсон тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын техникээр тоноглосон. Баян-Өлгий аймгийн радио станц 1965 онд ашиглалтад орсон Чехийн бүтээгдэхүүн байсан. Энэ станцыг 2013 оны есдүгээр сарын 01-нд шинэчлэн ашиглалтад оруулсан. Тэнд Германы тоон болон анологи системээр ажилладаг станц суурилуулсан. Нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн байвал техник хэрэгслийн хувьд зардал багатай байдаг. Ингээд хөгжилтэй орнуудын туршлагыг судлахад Герман, Европт үдээс өмнө анологи хүлээн авагчтай хэрэглэгчдэдээ зориулж станцаа аналоги системээр, үдээс хойш тоон системээр ажиллуулдаг юм байна. Spain-д хоёр хоёр цагаар сольж нэвтрүүлдэг. Яг ийм системээр ажиллах станцыг Баян-Өлгийд оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор гурван багц ажил хийхээр байсан. Нэгдүгээрт, станцаа шинээр солих, хоёрдугаарт, аналоги яриаг тоон болгох төхөөрөмж авч тавих, гуравдугаарт, антений байгууламжийг өргөжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр ажлуудаасаа эхний хоёрыг нь хийсэн боловч, гурав дахийг нь хийж чадаагүй ажлаа өгсөн. Тийм учраас тэр станц тоон системээр цацаж чадахгүй байгаа юм. Антенийн зурвасыг өргөтгөж байж аналоги болон тоон системийг хоёр хоёр цагийн зайтай цацах боломж бүрдэнэ. Зурвасыг өргөтгөхийн тулд 20 тоннын чингэлэг дотор суурилуулчихсан байгаа төхөөрөмжийг Германаас авчраад антенийх нь дор тавиад залгахад болох юм. Ийм л ажил үлдсэн.

-Шинэ үеийнхэн урт долгионыг цөөхөн улс орон ашигладаг хоцрогдсон эд гэж үздэг. Ихэнх улс орон богино долгионд шилжчихээд байхад хэдэн аймагт ийм нүсэр станцууд байлгах шаардлага байна уу гэж ярих юм. Үүн дээр та ямар бодолтой байна?

-Манай улсын газар зүйн байрлал, газар нутгийн хэмжээнээс хамаарч энэ долгионыг сонгосон. Манай улс бусад улс орноос харьцангуй нарны идэвхжил өндөртэй. Тэгэхээр улс даяараа дунд долгионыг сонгоод тавьчихъя гэхээр өдрийн цагаар бид юу ч сонсохгүй. Өөрөөр хэлбэл нар гарчихсан үед дунд долгион муу тархдаг. Тэгэхээр үдээс өмнө юм уу, үдээс хойш л нэвтрүүлгээ сонсоно. Хүмүүс Орос, Хятад хоёр урт долгион ашигладаг. Үүнийг дагаад манайх урт долгион ашиглаж байна гэж шүүмжилдэг. Гэтэл тийм биш. Энэ бол манай орны байгаль цаг ууртай, газар зүйн байршилтай холбоотой асуудал.

-Төсөв, ажилчдын тоо, суурилсан хүчин чадал хэвээрээ байтал үйл ажиллагааны хүрээ нь багассан болохоор батлагдсан төсвөө юунд зарцуулдаг болж таарч байна?

-Суурилагдсан хүчин чадлаар энэ станцууд нийлээд хэдий хэмжээний цахилгаан хэрэглэдэг вэ гэсэн тооцоо гардаг. Цахилгааны үнэ нэмэгдсэн тохиолдолд нэмэгдсэн үнээр нь тооцож Сангийн яаманд өгч зардлаа авч байх ёстой. Өнгөрсөн 2018 оны төсөв 4.4 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөөр радио станцуудын хүчин чадлыг хасахгүйгээр үйл ажиллагааг нь явуулах боломж бүрэн байсан гэж би зөвлөх инженерийн хувьд үзэж байгаа. Эд зүгээр шалтаглаж байгаа. Улс бол эрчим хүчний зардалд зарцуулах мөнгөө өгчихсөн байгаа. Ингээд тооцохоор өнөөдөр 10 дахин бууруулчихсан учраас 500-700 сая төгрөгийг эрчим хүчинд төлөхгүй сааж үлдэж байна. Хамгийн ноцтой асуудал бол хүчний радио станцуудыг ажиллуулаад сар бүр цагийн тооцоо хийж өгдөг байсан. Жил бүр олон нийтийн радиог дамжуулах гэрээ хийдэг байсан. Өдөрт 18 цаг, тэдэн мВт-ын хүчин чадлаар дамжуулна гээд гэрээлдэг байсан. Энэ гэрээнийхээ гүйцэтгэлийг сар бүр тооцож, дүгнэдэг байлаа. Говь-Алтай, Хөвсгөл аймагт хэдэн цагаар нэвтрүүлэг дамжууллаа, тэдэн цагийн саатал гарлаа гэх мэт тайлангаа гаргаад аймгийнхаа станцын даргаар гарын үсэг зуруулаад төв рүүгээ илгээдэг байсан. Энэ үйл ажиллагаа одоо ч яг хэвээрээ явж байгаа гэсэн боловч бүгдийг худлаа хийдэг болж.

-Үүнийг хянадаг, шалгадаг хүн байхгүй байна уу?

-Улсаас Үндэсний радиогоо зогсоо гэсэн нэг ч шийдвэр гаргаагүй, төсөв зардлыг нь өгч байгаа тохиолдолд энэ байгууллага бүх станцаа хүчин чадлаар нь ажиллуулж байх үүрэгтэй. Хамгийн сонирхолтой нь захиалагч байгууллагын хяналт байхгүй болчихлоо, мэргэжлийн хяналтын газар, зохицуулах хорооны хяналт байхгүй болоод 3-4 жилийн нүүр үзэж байна.

-Хонхорын станц одоогоор хэчнээн хүнтэй вэ?

-Телевиз, радиогийн нэвтрүүлгийг дахин дамжуулах түгээх үйлчилгээ үзүүлэхэд улсын хэмжээнд 220 хүнтэй байсан. Нэг дарга ирэхдээ баахан хүн дагуулж ирдэг жишгээр захиргааны бүтэц нь 60-аад хүнээр нэмэгдсэн. Ингээд улсын төсвөөс сааж байгаа мөнгө нь өөрсдийнх нь захиргааны зардал, ахуй хангамж, цалин хөлсөнд зарцуулагдаж байна. Зөвхөн захиргааны ажилтнуудын цалинг нэмсэн бол инженер, техникийн ажилтнуудын цалин хэвээрээ байгаа. Өмнө нь 20 хувийн нэмэгдэл авч байсныг буулгаад 10 хувь болгосон. Өөрөөр хэлбэл хассан 10 хувь, цахилгааны мөнгийг өөрсдөө саачихсан. Энэ мөнгөөрөө өөрсдийнхөө цалинг нэмсэн.

Тухайлбал дарга нь 3.5 сая төгрөгийн цалин авдаг болсон. Энэ мэтчилэн захиргааны зардлаа өсгөөд байвал зохих хүчин чадлаа зохиомлоор бууруулж улсын мөнгө сааж амьдарч байна. Унаж байгаа машин тэрэгний тоо нь замбараагаа алдсан. Үүнээс болоод зардал нь хүрэхээ больчихсон. Зардал нь хүрэхээ болихоор радио станцуудынхаа хүчин чадлыг зохиомлоор бууруулж, иргэд сонсогчдын радио сонсох, мэдээлэл хүлээж авах эрхэд халдаж байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.