Түрийвчтэй мөнгө, төлбөрийн картыг цүнхлээд алхах хоёрын гүйцэтгэх үүрэг нь адилхан боловч овор хэмжээ, алдах эрсдэл нь өөр. Манай арилжааны банкууд картын үйлчилгээг нэвтрүүлээд арав гаруй жилийн нүүр үзэж буй. Сүүлийн жилүүдэд иргэдийг банкинд цагаа үрэхгүй байх үүднээс цахим банк, АТМ, мобайл банк зэрэг төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн.
Иргэд бэлэн мөнгөө хадгалж, бусдад хамаагүй өгдөггүйтэй адил өөрсдийн төлбөрийн картын нууцлалыг тэр бүр хадгалж чадахгүй байна. Жишээлбэл, дэлгүүр, ресторан, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхдээ картаа өгөн, пин кодоо хэлдэг. Энэ нь таны картын мэдээллийг ашиглан цахимаар гүйлгээ хийн хохироох боломжтой. Гэтэл олон улсад иргэний пин кодыг асуудаггүй бөгөөд картыг тань таны нүдэн дээр уншуулдаг.
Сүүлийн үед таны данс руу мөнгө шилжүүлье, картнаасаа аваад өгөөч гэх болсон. Энэ нь таньд ямар нэгэн хохиролгүй, залилангийн шинжтэй биш боловч гэмт хэрэгт холбогдох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тухайлбал, хууль бус мөнгө таны данс руу шилжиж, мөнгийг нь АТМ гаргаж өгсөн бол та залилангийн гэмт хэрэгт холбогдох бүрэн боломжтой болж байгаа аж. Цагдаагийн байгууллага, арилжааны банкуудтай хамтран хаанаас хэнд ямар мөнгө шилжиж, авсныг тодорхойлон таныг хэрэгт холбогдуулж болох юм.
Монголбанкны судалгаагаар оны эхний хагаст залилангийн шинжтэй 162 гүйлгээ хийж, 24 сая төгрөгийн хохирлыг иргэн, аж ахуйн нэгжид учруулсан байна. Үүнээс ПОС терминалиар 18, АТМ төхөөрөмжөөр 131 залилангийн гүйлгээ хийжээ. Иймээс иргэн та танихгүй хүний мөнгийг өөрийн данс руу шилжүүлж, АТМ-аас мөнгө авч өгөхгүй байхыг анхаарна уу.
Оны эхний улирлын байдлаар 2195 АТМ, 31920 ПОС, 3918 МПОС, ПОБ 2150 төхөөрөмжөөр 77 гаруй тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ.
Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлд үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй байдаг ажээ.
Сэтгүүлч:Т.Сайнбуян