СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-09-24

Агаарын бохирдолтой Улаанбаатарт амьдрал нэг иймэрхүү..

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Гарамын Дарь 76 настай. Арав гаруй жилийн өмнө хүүхдүүдээ сургуульд оруулж, өөрөө ажил хийхээр хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжиж иржээ. Тэднийх хотын захад гэр хороололд амьдардаг. Ойрын 20 гаруй жилд Дарийн гэр бүлтэй адил хаврын хавсарга, өвлийн зудад малаа алдсан олон мянган хүн илүү дээр амьдрал хайж нийслэл хотыг зорьсоор Улаанбаатар 1.5 сая оршин суугчтай болжээ.

Гэвч их хотын амьдрал тэдний санасан шиг сайхан байсангүй. Өвлийн улиралд агаарын бохирдол хөдөө орон нутгаас ирсэн оршин суугчдад нутаг буцах эргэлзээ төрүүлэх болжээ. “Гадаа гараад ганц хоёрхон секунд болоход хувцас хунар тэр чигээрээ утааны үнэртэй болно, хаалгаа нээв үү гүй юу гэрээр утаа дүүрдэг. Хүүхдүүддээ сайн сайхныг хүсч хотод ирсэн ч урьд өмнө ийм их утаанд байж үзээгүй. Улаанбаатарт агаар, хоол хүнснээс авахуулаад бүх зүйл маш хүнд байна” гэж Дарь ярьсан юм.

Жил бүрийн өвөл 220,000 айл хөлдөж үхэхгүйн тулд нүүрс түлж, нүүрс худалдаж авах чадваргүй нь хог хаягдлаар амьжиргаа залгуулдаг. Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айлуудын гардаг утаа бүрдүүлдэг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой гэгддэг Бээжин, Шинэ Дели хотуудаас ч хэд дахин хортой агаараар бид амьсгалдаг. Агаарын бохирдлоос болж мянга мянган хүүхэд өвдөж, эмнэлгүүд ачааллаа даахаа больдог. Зарим тохиолдолд зэрэгцээ яваа хүмүүс нэгнээ олж харахааргүй их утаатай болдог нь худал биш.

Золзаяа, Мянганбаатар нар их хотыг зорин шилжин ирэгсэд. Тэдний хүү ой гарсан ч алхаж чадалгүй уджээ. Хүүхдийн эмч рахиттай гэсэн онош тавьж, нэг жил хөдөө агаарт байхыг зөвлөсөн байна. Хөдөө нутгийг хөгжүүлчихвөл тэнд агаар, хоол хүнс гээд бүгд эрүүл сайхан байна гэж Золзаяа ярьжээ. Хөдөө орон нутагт ажилгүйдлын түвшин 10,7 хувьд хүрсэн бол хотод 8,7 хувьтай байна.

Жилд дунджаар 45 мянган хүн хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжин ирдэг. 2017 онд эрх баригчид шилжилт хөдөлгөөнийг хорьж, 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн жил агаарын бохирдлын хэмжээ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хүний эрүүл мэндэд хортой гэж заасан түвшнээс 133 дахин их болж, 15,000 хүн утааны эсрэг жагсаалд нэгдсэн юм. Гэсэн хэдий ч утааны асуудал шийдэгдээгүй, ирэх өвлийг хэрхэн давах вэ гэдэг нийслэл хотын иргэн бүрийн өмнө хүндхэн асуудал болж байна.

Эх сурвалж: www.theguardian.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.