Скандинавын SAS компанийн нисгэгчид ажил хаяснаар 1,200 гаруй нислэг цуцлагдаж олон арван мянган зорчигчид нисэх буудалд гацаж үлдээд байна.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт нисгэгчид компанийн удирдлагуудтай цалингийн хэмжээгээ нэмэхээр яриа хэлэлцээр хийсэн ч амжилтгүй болсноор ийн ажил хаяж эсэргүүцэл үзүүлжээ.
Баасан гарагаас хойш бүх нислэгийн 70 хувь цуцлагдаж 280,000 зорчигч нисэх буудалд үлдсэн байна. Баасан гарагт 673, даваа гарагт 667, мягмар гарагт 546 нислэг цуцлагджээ.
SAS компанийн үйлддэг бүх нислэгийн 30 хувь нь хэвийн үргэлжилсэн байна. Швед, Дани, Норвегийн үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хийсэн ажил хаялтын дараа Швед, Данийн Засгийн газруудын эзэмшдэг нислэгийн компанийн удирдлага нисгэгчидтэй дахин хэлэлцэхийг зөвшөөрчээ. Гэхдээ тэдний шаардлагыг бүрэн гүйцэд биелүүлнэ гэсэн амлалт өгөхөөс татгалзсан юм.
SAS ч гэлтгүй Европын бусад нислэгийн компаниуд түлшний үнэ нэмэгдсэн, валютын ханш хэлбэлзсэн болон хүчин чадлаа хэтрүүлэн ашигласнаас дарамт шахалт ихтэй байгаа гэж эх сурвалжид дурджээ.
Шведийн ажил олгогч байгууллагын танилцуулснаар нисгэгчид сард 93,000 швед крон буюу 9,700 ам.долларын цалинтай. Тэд уг цалингаа 13 хувиар нэмэхийг шаарджээ. Мөн ажлын цагийг илүү уян хатан болгохыг хүссэн байна. Хэрэв нисгэгчдийн шаардлагыг биелүүлбэл SAS хоногт 60-80 сая швед крон буюу 6,3-8,4 сая ам.долларын зардал гаргана. Энэ нь компанийн бүтэн жилийн цэвэр ашгийг ердөө хоёр долоо хоногт үгүй хийх юм.
Эх сурвалж: www.cnn.com