Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулж буй "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна
Монгол Улсад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар байгуулагдсаны 60 жилийн ойг угтан "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр 10 цагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Тус өдөрлөг нийслэлээс гадна 21 аймаг, алслагдсан гурван дүүрэг гээд улс орон даяар зохион байгуулагдаж байгаа юм.
НҮБ-ын гишүүн 187 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/ нь хөдөлмөр, хөдөлмөрийн хүрээний олон улсын хэм хэмжээ, стандартыг тогтоож, хөдөлмөрчдийг тэгш эрхтэй, зохистой хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлдэг бөгөөд бүхий л шийдвэр, бодлогын үйл ажиллагааг Засгийн газар, хөдөлмөрчид болон ажил олгогчдоос бүрдсэн гурван талт зөвлөлдөх бүтэц бүхий байгууллага билээ.
Энэ онд 100 жилийнхээ ойтой золгож буй ОУХБ-д Монгол Улс 1968 онд элссэн. Гишүүн орны хувьд Монгол Улс өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус байгууллагын суурь наймыг оруулаад 20 конвенцид нэгдсэн байдаг юм.
Мөн энэ онд Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны бие даасан байгууллага бий болсны 60 жилийн ой тохиож байна. 1959 оны тавдугаар сарын 20-нд тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн 199/189 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, цалин хөлсний товчоо гэж байгуулсан нь Монгол Улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үндэс суурь гэж үздэг.
Ажилд зуучлах үйлчилгээг 10 хөдөлмөрийн хувийн биржээр дамжуулж үзүүлж байна. 65 аж ахуйн нэгж нээлттэй ажлын байранд бүртгэж байна.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ХНХЯ Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно.
Түүнчлэн төрөөс хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулахаас гадна нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулга хийхээр боловсруулж байгаа хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулна.
Иймд үзэгч, уншигч та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.