Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн ТУЗ-өөс гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Маргааш манай хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно. Манай компани 2018 онд 11 сая тонн нүүрс олборлож, 13 сая тонн нүүрс экспортолж, 1.99 их наядын борлуулалтын орлоготой ажилласан. Үүнээс 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсад 478.8 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн. Ийм үзүүлэлттэйгээр 2018 оныг үдсэн. Маш олон үзүүлэлтээр амжилт гаргаж, Монгол Улсын ДНБ-ны 6 хувийг дангаараа бүрдүүлсэн. Он гарснаас хойш 4.2 тонн нүүрс олборлож, 741 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. Төлөвлөгөөгөө 21-25 хувиар давуулан биелүүллээ. Улсын төсөвт 193.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашгийг олоод байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаараа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, конвейрийн систем, хими технологийн үйлдвэр, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг хийхээр боллоо.
Иргэдийн 1072 хувьцаа мэдээллийн төвийг байгууллаа. Энэ төв маань одоогоор хоёр сая гаруй иргэнд зөвлөгөө өгч, 1.2 сая иргэнд данс нээсэн байна.
Уурхайн одоогийн хүчин чадлыг бүрэн хүчээр ажиллуулж, жилд 35 сая тонн нүүрс олборлодог болгоно. Нүүрс угаах 30 сая тонны хүчин чадалтай үйлдвэрийг барина. Одоогоор 18 сая тонн тээвэр хийх хүчин чадалтай автозамаар нүүрс тээвэрлэж байгааг 60 сая тонн болгон нэмэгдүүлнэ.
Манай компани 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигчдээс маш их гомдол ирж байгаа учраас ТУЗ-ийн хурлаар төсөвт дараах өөрчлөлтийг орууллаа. Компьютер тавилгад зарцуулах төсвөөс 4.5 тэрбум, машин техник худалдан авах 78 тэрбум төгрөг, оффис барилга худалдан авах 48 тэрбум төгрөг, программ хангамж худалдан авах 34 тэрбум төгрөгийг таналаа.
Дэд бүтцийн таван том төслийг санхүүжүүлснээр борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.долларт хүрнэ. 2000-3000 ажлын байр бий болж, 5000-10000 хүний шинэ суурьшлын бүс, түүнийг дагалдсан хөнгөн болон хүнд үйлдвэрүүд цэцэглэн хөгжинө. Бид 2019 онд компанийнхаа 30 хувийг олон улсын зах зээлд гаргана. Хөрөнгө оруулалтаас орж ирсэн хөрөнгөөр дэд бүтцийн ажлаа дуусгана.
-Төмөр замын бүтээн байгуулалтаа хамгийн түрүүнд санхүүжүүлж болдоггүй юм уу?
-ТУЗ-ийн шийдвэрээр цэвэр ашгаа дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар болсон. 700 орчим тэрбум төгрөгийг дэд бүтцийн салбарт оруулна. Бид түүхий нүүрс бус эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилттой ажиллаж байгаа учраас Сайншандад коксын үйлдвэр, 10 сая тонн ган боловсруулах үйлдвэр бусад үйлдвэрүүдийг барихаар ажиллаж байна. Одоо зарж байгаа нүүрсээ 4-5 дахин ихэсгэх боломж байгаа. ТУЗ-ийн шийдвэрээр 2018 оны хөрөнгөнөөс иргэдэд хувьцааны ногдол ашиг өгөхгүй гэдэг шийдвэр гаргасан.
-Хөрөнгө оруулалт босгох зайлшгүй шаардлага байгаа юм уу?
-Манай компанийн 85 хувийг Засгийн газар эзэмшдэг. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр цэвэр ашгаараа хөрөнгө оруулахаар болсон. IPO босгохтой холбоотой асуудлаар бид 24 цагийн турш ажиллаж байна. Гадаадын дөрвөн зөвлөхтэй компаниас үйлчилгээ авч байгаа. Өдөр бүр хэдэн зуун асуултад хариулж байна. Компанийг маань гүтгэсэн худал мэдээлэл гарах бүрт гаднаас маш олон асуулт, лавлагаа ирдэг. Энэ бүхний хажуугаар компанийн нэр хүндийг унагаах ажил явж байна.
-Танай компани Улаанбаатарт нүүрс нийлүүлнэ гэдэг үнэн үү?
-Утаагүй түлшийг манай компани нийлүүлнэ. Манай нүүрсийг түлснээр утаа 50-60 хувь буурна гэдгийг баталгаатай хэлье. Хүний биед хоргүй, утаагүй түлшээр нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлийг хангана. Жилд 800 мянган тонн нүүрсийг Улаанбаатарт нийлүүлнэ.
-Танай компани энэ жилийн санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэх ажил хэдэн хувьтай байна?
-Манай компани 2.1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олох үүрэг хүлээсэн байсан. Улсын төсөвт 530 тэрбум төгрөгийн татвар хураамж бүрдүүлэх ёстой байтал бид эхний улиралд 193 тэрбумын татвар төлж, 741 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого оллоо. Төлөвлөгөөгөө биелүүлнэ.
-Төмөр замд яг хэдий хэмжээний хөрөнгө оруулж байгаа юм?
-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр замд энэ жил 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Харин Гашуунсухайт чиглэлд 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Төмөр замыг Монголын төмөр зам компани тавина.
-БНХАУ-д нийлүүлж байгаа нүүрсний үнээ нэмсэн үү?
-Баруун цанхийн нүүрсний үнэ 71.3, Зүүн цанхийн нүүрсний үнэ 63.6 ам.долларын үнэтэй байна. Үнийг 3 ам.доллараар нэмэгдүүлж чадсан.