Энэ долоо хоногт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалт хэлэлцүүлэг болно. Ерөнхий Ассамблейн өмнө Куба улсын шинэ Ерөнхийлөгч Мигуэль Диаз Канель үг хэлэхээр анх удаа АНУ-д зочлон ирээд байна. Кубын төрийн тэргүүн АНУ-ын худалдааны хоригийг НҮБ-ын гишүүн орнуудын өмнө шүүмжлэн буруутгана гэж төрийн мэдлийн телевизээр нь дамжуулжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээж авсан Диаз Канель даваа гаригт Нелсон Манделагийн энхийн дээд хэмжээний уулзалт дээр үг хэлэх бол лхагва гаригт Ерөнхий Ассамблейд илтгэл тавих юм байна. Куба улс Америкийг худалдааны хоригоо цуцлахыг шаардаад 27 дахь жилтэйгээ золгож байна.
“Хүн төрөлхтний түүхэнд бичигдсэн хамгийн удаан хугацаатай хориг арга хэмжээ цаашид үргэлжлэх боломжгүй. Аль хэдийн энэ бодлого хэрэгжихээ больж байна. Эрх тэгш бус энэ бодлогоо халахыг уриалж буй кубачуудын дуу хоолойг төлөөлөн ирлээ” гэж Диаз Канель мэдэгджээ. Хэдийгээр НҮБ Кубын хүсэлтийг сонссон ч эцсийн шийдвэрийг Вашингтон гаргана. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед хагас зууны турш дайсагнасан Америк-Кубын харилцаа дахин сэргэх оролдлого гарсан ч Дональд Трамп сонгогдсонооср эргэн дайсагнах болсон юм.
Эх сурвалж: www.reuters.com