Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн үр дүнгийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэл Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 24-26-нд анх удаа зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын тайлан мэдээллийг хүргэе. Тус сургалтад 116 байгууллагын 4400 албан хаагч, мянга гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцлоо. Орон сууцны 402,000 иргэн гамшгаас хамгаалах талбайд цугларч, 3200 иргэн нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдлаа.
ХӨСҮТ, ГССҮТ, ЦССҮТ зэрэг байгууллагын 900 гаруй албан хаагч оролцлоо.
Иргэд оршин суугчдыг гамшгаас урьдчилан сэргийлэх дадалд сургах, болзошгүй гамшиг тохиолдвол цаг алдалгүй зохион байгуулалтад орох ажлыг сурталчлах зорилгоор энэ ажлыг хийсэн. Цаашид онцгой байдлын газрын бааз суурийг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага байна. Гамшгийн урьдчилан сэргийлэх дуут дохио иргэдэд бүрэн хүрэхгүй байна гэдэг гомдол мэдээллийн дагуу дуут дохионы тоог нэмэгдүүлж, байршлыг дахин төлөвлөхөөр боллоо.
Гамшгаас хамгаалах цэгт хийх бүртгэлийг эрс сайжруулах шаардлага байгааг мэдэж авлаа. Иргэдээ байнгын мэдээлэлтэй байлгах, бүх түвшинд бэлэн байдлыг хангах, өөрсдийн чадавх оролцоог сайжруулах зорилгоор уг сургалтыг зохион байгууллаа. Энэ ажлыг жилд нэг удаа хийх бус жил бүр тогтмол хийхийн зэрэгцээ иргэдээ хамгийн үед өөрсдийгөө хамгаалах мэдлэг, чадвартай болгоно” гэлээ.
Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр “Сүүлийн 29 жил ийм сургалтыг зохион байгуулаагүй. Иргэд маань маш идэвхтэй оролцлоо. 402,000 иргэн оролцоно гэдэг чамлалттай тоо бишээ. Нийт ард иргэддээ баярлалаа.
Манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш идэвхтэй сурталчилж хүргэсэн. Та бүхэндээ маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, цаашдаа юундаа анхаарах ёстой вэ гэдгээ мэдэж авлаа. Том сургуулилт зохион байгуулах үед алдаа эндэгдэл зөндөө гарсан. Иргэдээс ирүүлсэн шударга шүүмжлэл бүрийг хүлээн авч цаашид анхаарч ажиллана. Эрсдэлийг бууруулах асуудлыг хөгжлийнхөө бодлогод тусгах ёстой ойлгож ухаарлаа. Сургуулилтын үр дүнг, УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлагнана” гэв.