УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн албан бичгийг хэлэлцээд АТГ-ын даргад нэр дэвшүүлсэн З.Дашдаваа, дэд даргад нэр дэвшүүлсэн Ж.Батсайханы нарыг бүлгийн гишүүдийн олонх нь дэмжлээ. Хуулинд зааснаар АТГ-ын удирдлагад хууль, хяналтын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улстөрийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй гэж заасан байдаг. Хоёулаа энэ хуулийн шаардлагад нийцэж байгаа.
Мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас ирүүлсэн бичигт Авлигын эсрэг хуулийн 21.2-д АТГ-ын удирдлагыг зургаан жилээр томилно, 21.5-д удирдлагыг нөхөн томилсон бол 21.2-т заасан хугацааг дуустал томилно гэж заасан. Өөрөөр хэлбэл, өмнөх удирдлагын хугацаагаар бүрэн эрх нь дуусгавар болгоно гэж заасныг иш болгон чөлөөлөхийг дэмжлээ. Ерөнхийлөгчийн саналыг зөв гэж үзсэн.
-Ерөнхий аудиторын асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Төсвийн байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Шаардлагатай бол бүлэг хуралдах байх. Ямартай ч энэ долоо хоногт УИХ шийдвэр гаргана. Ерөнхий аудиторын хувьд хамааралтай ААН нь ЖДҮХС-аас зээл авсан учир хариуцлага тооцож, чөлөөлж, шинэ хүн томилох нь зүйтэй гэж үзэж байгаа. ЖДҮХС-тай холбогдсон бүх албан тушаалтан хариуцлага хүлээсэн.
-Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд зээлээ төлөхгүй байна гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Шалгах ажлын хэсэг гарсан. Бүлэгт мэдээлэл өгөх байх.