АТГ-ын удирдлагыг чөлөөлөх бичгийг Ерөнхийлөгчөөс МАН-ын бүлэгт ирүүлснийг яг одоо хэлэлцэж байна. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бичигт "УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байгаа бөгөөд ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байна.
Энэ долоо хоногийн лхагва гаригт АТГ-ын удирдлагууд болон Ерөнхий аудиторыг чөлөөлөх асуудлыг Байнгын хороод хэлэлцэнэ. Тухайлбал, Хууль зүйн байнгын хорооны лхагва гарагийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл зэрэг дөрвөн асуудлын төгсгөлд Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх тухай асуудал багтжээ.
Мөн өдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ганцхан асуудал хэлэлцэх нь Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай юм.