Индонези улсын санал өгөх эрхтэй 193 сая иргэн энэ сарын 17-ны өдөр Ерөнхийлөгч, Парламентын гишүүд, мужийн захирагчдыг сонгох санал хураалтад оролцсон билээ. Иргэд найман цагийн дотор амжиж нэг дор таван саналын хуудас бөглөсөн.
Гэтэл саналын хуудас тоолохоор хэт уртасгасан цагаар ачаалалтай ажиллаж байсан Сонгуулийн Ерөнхий Хорооны 270 гаруй ажилтан амиа алдсан болохыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулав. Улс орон даяар 800,000 санал хураах байранд ажиллаж байсан 1,900 орчим ажилтны биеийн байдал хэт ачааллаас болж муудаж өвдсөн тухай мөн мэдэгджээ.
Энэ нь сонгуулийн дүн танилцуулах өдөр хэт давчуу төдийгүй саналын хуудсыг гараар тоолж байгаатай холбоотой гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Индонезийн Засгийн газар сонгуулийн санал хураалтыг ийнхүү ганц хоногт багтааж шахснаар илүү зардал төсөв хэмнэнэ гэж үзжээ. Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд ажлаа хүлээлгэж өгөх нөхцөл байдал үүссэн ба хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохоор болсон байна.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Азийн Барак Обама гэгддэг Жоко Видодотой өрсөлдөөд урьдчилсан дүнгээр ялагдал хүлээгээд буй Прабово Субьянто саналын хуудас тоолох явцыг будлиантуулсан гэж үзээд байгаа юм. Сонгуулийн өдөр нэр дэвшигчид зэрэгцэн ялалтаа тэмдэглэсэн ч ирэх сарын 22-ний өдөр санал хураалтын дүнг эцэслэн нэгтгэж танилцуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.theguardian.com