Замын-Үүд-Эрээний чиглэлд 1000 гаруй жолооч хүн болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байна. Гэвч тэдний эрх зөрчигдөж, ачаа тээвэрлэлт явуулахад бэрхшээл тулгарч эхэлжээ. Хятадын талаас зарим ачааг оруулахгүйн дээр, дуртай үeдээ ачаа тээвэрлэх эрхийг нь хасч боох, ачааны хэмжээг үе шаттай багасгах зэргээр жолооч нартай зүй бус харьцах нь энгийн үзэгдэл болсон талаар жолооч нар ярьж байна.
Бид энэ нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлан үзүүлж байна.
Жолооч нарын ярьж байгаагаар Солонгын зам, Чөлөөт бүсийн зам гэж хоёр замтай болсон. Чөлөөт бүсээ дэмжихийн тулд Солонготой замаар гарч ирж байгаа зорчигчдын ачаа бараанд хязгаар тогтоосон. УАЗ-469 машинд ганц хоёр цүнх тавихыг зөвшөөрөх, зорчигчдыг гар цүнхтэй нэвтрэхийг хориглох, зөрчвөл машины нэвтрэх зөвшөөрлийг хасна гэж мэдэгдэж байгаа аж. Зөвшөөрлөө хасуулсан жолооч нар ч их байна гэлээ.
"Чөлөөт бүсээ дэмжээд нэг төрлийн бараанаас олон тоогоор гаргахгүй байна. Биднийг хүн гэж үздэггүй. Нохойн гөлөгтэй адил үзэж байна. Одооноос л ТББ эрхээ хамгаалж ажиллаж байна" хэмээлээ. Энэ байдлын улмаас 69-ын жолооч нар ирэх, буцахдаа дөрөвхөн зорчигчтой явдаг болж, амьдралаа залгуулахад бэрх боллоо хэмээн халаглаж байна.
Жолооч нарын эрх ашиг зөрчигдөж байгаагаас хамтран "Эвийн үүд" ТББ-ыг байгуулж, Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал хийжээ. Тэдний төлөөлөл болгож, тус ТББ-ын гишүүн Ц.Алтантуяатай ярилцлаа.
-Жолооч нарын эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна. Холбогдох байгууллагууд нь энэ талаар арга хэмжээ авахгүй байна. Өмнө нь Солонготой замаар хэвийн зорчдог байсан жолооч нарыг Чөлөөт бүс рүү шахахаар маш олон хүн ажилгүй болж байна. Гаалийн хүмүүсийн үзэмжээр ачаа ачуулж байна. Зарим нь гэрэлтэй чацуу ач гэдэг. Зарим нь "хонины хонхор"-т дүүртэл ачиж болно гэдэг. Хятадад монгол хүний эрх ихээр зөрчигдөж байна гэсэн юм.