Д.Цэцэг
ЮНЕСКО-гоос жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг Олон улсын жазз хөгжмийн өдөр хэмээн зарлаж, дэлхий даяар тэмдэглэдэг болсоор ес дэх жилтэйгээ золгож байна. Энэ өдрийг 2018 онд дэлхийн 190 орон тэмдэглэж, 2000 гаруй жазз хөгжмийн наадмыг зохион байгуулсан юм. Харин манай улсын тухайд энэхүү соёлын өдрийг гурав дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ хүрээнд, “Fat Cat” жазз клуб ЮНЕСКО-той хамтран “Олон улсын жазз хөгжмийн өдрүүд” цуврал арга хэмжээг энэ сарын 26-30-ны хооронд зохион байгуулах аж.
Тухайлбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд 21:00 цагаас “Fat Cat” жазз клубт Германы алдарт контрабасч Мартин Зенкерийн дөрвөлийн тоглолт болно. Мартин Зенкер нь GMUB төслийг санаачлан хэрэгжүүлэгч, жаззыг Монголд хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй нэгэн. Тэрбээр БНСУ, Монгол, Өмнөд Африк гээд олон улсад жазз хөгжмийн үрийг тарьж соёолуулсан юм. Түүний дөрвөл хамтлагийн тоглох “For Those Years to Come” цомгийг сонсох цор ганц боломж энэ үдэш байж мэдэх юм. Харин энэ сарын 30-ны 19:30 цагаас Шангри-Ла төв дахь “Өргөө” кино театрын IMAX танхимд Олон улсын жазз хөгжмийн өдөрт зориулсан “Баянмонгол” чуулгын тоглолттой тул жазз сонирхогч хэн бүхнийг очиж үзэхийг урьж байна.