Сэлэнгэ сайхан нутгийн залуус УИХ-ын гишүүн Н.Оюундарийн санаачилгаар анх удаа "Selenge Idol" урлагийн их наадмаа Тусгаар Тогтнолын ордонд амжилттай зохион байгууллаа. Урлаг соёл, ур чадвараар оюутан залуусыг нэгтгэж буй их наадам аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа ажээ. "Selenge Idol" урлагийн наадамд гурван бүсийн 2018-2019 оны хооронд суралцаж буй тус бүр 50 оюутан залуус оролцсон байна.
Наадмыг зохион байгуулагчид "Selenge Idol" урлагийн их наадам нь Сэлэнгэ аймгийн залуусын авьяас ур чадвараа таниулан сурталчлах шилдэг арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа ярьж байсан юм. Наадмын шүүгчдээр Монголын дуу бүжиг, жүжиг дэлгэц, яруу найраг гээд салбар бүртээ амжилттай яваа уран бүтээлээрээ олны танил болж хайр хүндлэлийг хүлээсэн эрхэмсэг бүсгүйчүүд ажилласан. Н.Оюундарь гишүүн "улс төрд эрчүүдийн оролцоо их байдаг учраас урлагийн наадмын шүүгчдийг эмэгтэй уран бүтээлчдийн багаар бүрдүүлсэн" гэлээ.
МУГЖ УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, МЗЭ-ын шагналт Болор цомын эзэн Б.Ичинхорлоо, СТА жүжигчин Г.Ундармаа, СТА жүжигчин О.Энхтуул, бүжигчин М.Бямбаа нар урлагийн анхдугаар их наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Наадмын продюссерээр Халхын тэргүүн Юндэн гэгддэг дуучин МУСТА Б.Баттөр ажиллаж хөтлөн хүргэсэн юм.
Түүнчлэн Сэлэнгэ нутгаараа овоглодог урлагийн их авьяастнууд наадмын нээлтэд уригдан оролцож, наадмыг зохион байгуулагч Н.Оюундарь гишүүний зүгээс гарын бэлэг өглөө. Зөвхөн материаллаг байдлаар бус оюуны чадамж, ур чадвараар нутгийнхаа нэрийг олон түмэнд өргөн явахыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь онцлон тэмдэглэсэн юм. Сэлэнгэ нутгийн залуусыг авьяас билиг, ур чадвараар нь сорьсон урлагийн их наадам цаашид УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачлан 10 жилийн турш амжилттай зохион байгуулж буй "Сэлэнгэ Лиг" спортын наадамтай адил шинэ үеийн залуусыг нэгтгэнэ хэмээн санаачлагч, зохион байгуулагчид дурдлаа.