БНХАУ-ын санаачилсан Бүс ба зам санаачилгын гурав хоног үргэлжлэх форум пүрэв гарагт Бээжин хотноо эхэллээ. Хятадын дарга Си Зиньпин “зууны төсөл” хэмээн нэрлэгдээд буй санаачилгаа хамгаалж олон улсын шүүмжлэл, няцаалтаас холдуулахын тулд шаргуу хөдөлмөрлөж байгааг The Guardian онцлов.
2013 онд анх танилцуулсан санаачилга Ази, Европыг холбосон эртний зам харилцааг дахин сэргээж, Ойрхи Дорнод Африк Өмнөд Америкийг шинээр нэгдүүлэх төсөл билээ. Гэвч хоёр жилийн өмнө зохион байгуулж байсан форумтай харьцуулахад хүрээ нь бага зэрэг хумигдав. Шүүмжлэгчид Хятадын Засгийн газар улс орнуудыг эдийн засгаар холбох замаар хүч нөлөөгөө улам тэлэх гэсэн гүрний оролдлого хэмээн буруутгаж байна.
Харин Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ жилийн форумын өмнө хэлэхдээ “энэ бол геополитикийн зэвсэг биш, энэ бол хамтын ажиллагааны шинэ хэлбэр тул бүх улс орныг урьж байна” гэсэн юм.
Пүрэв гарагт эхэлсэн форумд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Италийн Ерөнхий сайд Гусеппе Конте, Их Британийн канцлер Филип Хэммонд, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан зэрэг 37 орны төр засгийн тэргүүнүүд оролцож байгаа юм. Тэд Бүс ба зам санаачилгын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна гэж эх сурвалжууд мэдээлэв. Харин эдийн засгаараа тэргүүлэгч АНУ доод түвшний төлөөлөгчдөө форумд илгээсэн бол Энэтхэг улс элч төлөөлөгчөө мордуулсангүй.
Мөн өмнөх форумд оролцож байсан зарим улс орнууд энэ удаад Бээжинд айлчлахаас татгалзлаа. Турк улс Хятадын Засгийн газрыг жижиг үндэстэн ястан Уйгуруудыг заналхийлж буй явдлыг шүүмжлэн оролцоогүй бол Польш, Испани, Фижи, Шри Ланка, Аргентин улсууд ч мөн ирсэнгүй.
Үүнийн зэрэгцээ зарим нэг ололт амжилт гарсан нь Бүлэг 7 орноос Итали санаачилгад нэгдсэн анхны улс болов. Өмнө нь цуцлаад байсан 10,7 тэрбум ам.доллараар төмөр зам барих хэлэлцээрийг үргэлжлүүлэн гүйцэтгэх болсноо Малайзын Засгийн газар мэдэгдсэн юм. Хятадын төрийн мэдлийн телевизийн дамжуулснаар санаачилгын хүрээнд 125 оронтой 170 орчим гэрээ хэлцэл байгуулжээ.
Хятадын дарга Си Зиньпиний амлаж буй хамгийн чухал зүйл бол хамтран нэгдэж буй улс орнуудад авлигаас ангид ил тод байдал юм. Тэрээр авлига, хууль бусаар мөнгө угаах зэрэг бүхий л тоогүй үйлдлийг хүлцэн тэвчихгүй гэж форумын үеэр анхааруулав. Авлигагүй, ил тод төдийгүй нээлттэй, ногоон, цэвэр хамтын ажиллагааг Бээжин уриалж байна.
Дэлхийн хөгжиж буй улс орнууд зам харилцаа, усан боомт, аж үйлдвэрийн бусад салбарын барилга байгууламж, худалдаа наймааг өргөжүүлэхийн тулд санаачилгад нэгдэж байгаа юм. Хэт өртөг ихтэй зам харилцаа хөгжиж буй улс орнуудыг өрийн хавханд оруулах гэмтэй гэдгийг эдийн засагчид сэрэмжлүүлсэн.
Эх сурвалж: www.theguardian.com