Жүжигчин Рами Малек домогт Күйн хамтлагийн дуучин Фредди Меркюрийг дэлгэцэнд амилуулж Оскарын шагнал хүртэн авьяас чадвараа батлан харуулсан. Түүний дараагийн дүр хэдий нь тодорхой болжээ. Малек алдарт Жэймс Бондын 25 дахь ангид эсрэг дүрд тоглохоор болсон байна.
Ирэх оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх Жэймс Бонд цувралын нэрийг хараахан тогтоогүй ч киноны зохиолчдын нэг Фоебе Уоллер Бриж Малекийг шинэ ангид тоглуулах тухай хэлжээ. Шинэ анги гол дүрийн жүжигчин Даниель Грэйгийн тав дахь буюу сүүлчийн 007 Жэймс Бондын дүр байх болно.
Кино судлаач, шинжээчдийн зүгээс Малекийг нууцлаг, шинэ технологиор зэвсэглэсэн аюултай этгээдийн дүрийг бүтээнэ гэж таамаглаж байна. Оскарын шагналт жүжигчин өөрийн видео бичлэгээр ч мөн Жэймс Бондын 25 дахь ангид нэгдсэн гэдгээ батлаад байгаа юм.
Бондын шинэ ангид өмнөх 24 анги дээр гардагтай адил 007 дугаартай нууц албаны ажилтан дэлхийн ертөнцийг сүүдэрт аймшгаас аврах нь гарцаагүй гэж шинжээчид таамаглаж байна. Хор хөнөөлт технологиор зэвсэглэсэн дайснаас эрдэмтнийг аврах ажиллагааг гүйцэтгэж магадгүй ажээ.
Рами Малек болон Даниель Грэйгтай хамт Ральф Феннис, Бен Вишав, Наоми Харрис, Рори Киннер, Лиа Сидокс, Жефри Врайт, Лашана Линч, Билли Магнуссен, Ана дэ Армас, Дали Бенсалах, Дэвид Дэнсик нар ажиллах юм байна.
Эх сурвалж: www.bbc.com