Франц улсад шар хантаазтнууд олон сарын турш тууштай жагсаж Ерөнхийлөгч Эммануэль Макроноос шинэчлэл шаардсаар байна. Макрон өнгөрсөн долоо хоногт жагсагчдын хүсэлт шаардлагад хариу өгөхөөр төлөвлөсөн байсан ч Парисын Дарь эхийн сүм шатаж улс төрийн үйл хэргийг хойш тавьсан.
Франц улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш жагссан иргэдэд хариулт өглөө. Тэрээр дараах өөрчлөлт шинэчлэлийг төлөвлөжээ.
- Орлогын албан татварын хэмжээг бууруулах. Ингэхийн тулд зардлаа хэмнэж, компаниудыг татвараас зайлсхийхийг зогсоох хэрэгтэй гэв.
- Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэх
- Төвлөрсөн бус олон талт Засгийн газар байгуулах
- Сонгуулийн хуулийг шинэчилж бүх нийтийн санал хураалт явуулахад хялбар болгох
- Улс төрийн удирдагчид, элитүүдийг бэлтгэдэг ENA их сургуулийг татан буулгах
Ерөнхийлөгч Макроны санаа тавьж буй бусад асуудалд цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, цагаачдын урсгал багтаж байна. Түүний хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил үүгээр зогсохгүй цаг нь болоход үргэлжлүүлэн танилцуулна гэлээ. Энэ бол зөвхөн шар хантаазтнуудад бус Франц улсын бүх ард түмний төлөө гаргасан шийдвэр юм.
Эх сурвалж: www.bbc.com