Газар дундын тэнгист орших Кипр улсад долоон эмэгтэйн амь насыг хөнөөсөн этгээд хэргээ хүлээжээ. Албаны хүмүүс уг хэргийг арал дээр гарч буй анхны цуврал аллагын гэмт хэрэг гэж үзэж байна.
Цагдаа нар амь насаа алдсан хоёр эмэгтэйн цогцсыг энэ сарын эхэнд уурхайгаас, нэг эмэгтэйн цогцсыг пүрэв гарагт олжээ. 35 настай Грек-Киприйн иргэн армийн офицерыг хэрэгт сэжиглэн баривчилсан ба тэрээр үүгээр зогсохгүй өөр бусад эмэгтэйн аминд хүрсэн гэдгээ хүлээсэн байна.
Хохирогчдын дунд Энэтхэг, Балба, Румын эмэгтэйчүүдээс гадна найман настай охин багтжээ. Сураггүй алга болсон зургаан настай охиныг ч мөн цуврал аллагын гэмт хэргийн хохирогч болсон байж магадгүй гэж үзэж байгаа юм.
Пүрэв гарагт Кипр улсын нийслэл Никосиа хотын ойролцоо хогийн цэгээс амиа алдсан байдалтай олдсон эмэгтэй 2017 оны 12 дугаар сард алга болжээ. Сэжигтэн хохирогчтой болзооны сайтаар холбогдон танилцсан гэж үзэж байна.
Цуврал аллагын гэмт хэрэгт буруутгаж байгаа сэжигтний нэрийг олон нийтэд зарлаагүй. Кипр улсын цагдаагийн газар бие даан хэргийг шийдэхэд хүчин чадал дутуу гэж үзсэн учраас Их Британийн мөрдөгч шинжээчдийг нэмэлт тусламж үзүүлэхийг хүсчээ.
Эх сурвалж: www.bbc.com