СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-26

Б.Баттөр: Харааны бэрхшээлтэй гээд бусадтай хөндий харилцаатай байж болохгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Дуламсүрэн

Энгийн хүмүүс бид хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа харааны бэрхшээлтэй хүмүүсийг аливаа зүйлийг бие дааж хийж чаддаггүй гэж төсөөлдөг. Гэвч тэд өөрсдийн бэрхшээлд дасан зохицож, хийж чадах бүхнээ оролдож нийгэмд байр сууриа олж амьдарч чадаж байна. Харааны бэрхшээлтэй ч үүнийгээ ялан дийлж, СУИС-д суралцдаг Б.Баттөртэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхэлье?

-Намайг Батхүүгийн Баттөр гэдэг. Би 1996 онд Сүхбаатар аймгийн Асгат суман төрсөн. Одоо СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуульд Багш, урлагийн боловсролын ангийн хоёрдугаар дамжаанд сурдаг.

-Харааны бэрхшээлтэй боловч энгийн хүмүүсийн адилаар сургуульд орж сураад явж байна. 15 нас хүртлээ гэртээ байсан гэсэн. Анх сургуульд сураад нийгмийн харилцаанд ороход хүмүүсийн хандлага ямар байв?

-Янз бүр л байсан. 15 нас хүртлээ гэртээ байсан болохоор анх сургуульд орохоор ирэхэд нэгдүгээр ангид оруулах боломжгүй гээд давтлага өгөөд, шалгалт авсан. Тэгтэл наймдугаар ангид орох боломжтой гэсэн хариу гарсан. Ингээд Нийслэлийн тусгай 116 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч болж найз нөхөд, хамт олонтой болоод сургуулийнхаа дотуур байранд амьдарч эхэлсэн. Ангийнхан маань адил зовлонтой учир сайхан найзууд болов. Багш нар маань ч бидэнд сайн хандана. Харин гадуур явахад сөрөг хандлага их мэдрэгдэнэ.

Гэхдээ зарим хүмүүс ойлгож туслах нь бий. Биднийг хэдий харааны бэрхшээлтэй ч хүн гэдэг үүднээс л хүлээж аваасай гэж хүсдэг. Зарим хүмүүс хүн биш аятай хандаж “Ийм хүмүүс юугаа хийж гадуур явдаг байна. Гэртээ л байж байна биз. Хүнд гай болоод” гэх мэтээр хэлж байгаа нь сонсогддог. Анх ийм үг сонсоход их л гомддог байсан, одоо ч тоохоо больсон. Буруугаар хүлээж авдаг хүмүүс байгаа ч ойлгох нь олон болохоор сайхан юм.

-Чи нэлээд хожуу ерөнхий боловсролын сургуульд оржээ. яагаад сурахаар болсон юм бэ?

-Би уг нь төрөхдөө хараатай байсан юм билээ. Найман сартай байхдаа нүдний хорт хавдар гэдэг оноштой хараагаа бүрэн алдсан. Тэрнээс хойш хөдөө аав, ээж хоёртойгоо л байдаг байсан. Нас бага байхад сургуульд сурч, мэргэжилтэй болно, тийм зүйл хийнэ гэсэн бодол байгаагүй. Харин өсч ухаан орохын хэрээр өөрийгөө цаашдаа хэрхэн амьдрах талаар бодож эхэлсэн. Энэ хэвээрээ байгаад байвал айл, айл дамжсан хүмүүст төвөг болсон хүн болох юм байна гэж бодоод сургуульд сурахаар шийдсэн юм. Би хараагүй гэж хойш суухыг хүсээгүй бусад хүмүүс шиг сурч, бүрэн биеэ даах чадвартай болохыг хүсээд сургуульд сурсан.

-Ерөнхий боловсролын сургуулийн тухайд харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуульд сурдаг байсан болохоор хүндрэл ба бага байсан байх. Одоо харин СУИС-д энгийн хүмүүстэй хамт суралцахад хүндрэлтэй зүйл гарах юм уу?

-Бага зэрэг гарна. Жишээлбэл, шалгалт авахад би ангийнхантайгаа адилхан хугацаанд хийж амжихгүй гэх мэт. Учир нь бидэнд зориулсан тусгай сургалтын орчин байхгүй учраас энэ хүндрэл үүсдэг. Ганц надад зориулж сургалтын төлөвлөгөө зохиохгүй учраас энэ байдалдаа зохицоод сурахаас өөр арга байхгүй. Тэгээд ч би сурах гэж л энэ сургуулийг сонгосон учраас өөрийгөө бусдаас дутуу гэж бодолгүйгээр хичээж суралцдаг. Мөн хажуугаар нь ангийнхан маань маш сайн тусалдаг. Тийм болохоор тэднээс өөр гэж бодолгүйгээр адилхан л бүх хичээлээ хийгээд сураад явахын төлөө зүтгэж байна. Зарим багш нар намайг өрөвдөөд нэг бие даалтаас чөлөөлөөд дүн тавиад өгөх үе бий. Гэхдээ би тийм байхыг нээх их хүсээд байдаггүй. Найзуудтайгаа адилхан хичээл хийгээд явахыг хүсдэг. 

-Бусадтай адил бүгдийг өөрөө хийхийг хүсдэг гэлээ. Энэ байдал тань тантай адил хүмүүсийг хүлээж авах нийгмийн хандлагад бага ч гэсэн нөлөө үзүүлэх болов уу гэж бодлоо?

-Би, бид бусдын л адил хүн. Тиймээс аль болох хүмүүст нээлттэй байж өөрийгөө ойлгуулах хэрэгтэй. Түүнээс би хараагүй гээд бусад хүмүүстэй хөндий харьцаатай байгаад байж болохгүй. Нээлттэй байж зорилготой, хүсэл эрмэлзэлтэйгээр бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Миний хувьд хараагүй гээд хүмүүсээс өөрийгөө тусгаарлахыг хүсдэггүй аль болох хичээж, хүмүүстэй харилцдаг. Манай ангийнхан “Баттөрөө чи өөрөө, өөрийгөө голохгүй, шантрахгүй байгаа байдал чинь бидэнд их урам зориг өгдөг” гэж хэлдэг. Тийм болохоор би бусдадаа урам зориг өгч өөрийн хүрээлэлдээ бага ч гэсэн сайн зүйлийг түгээж байгаадаа баяртай сууна. 

-Мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцаж болох уу?

-Бололгүй яахав. Үнэндээ СУИС-д орно гэдэг хэдэн жилийн өмнө миний мөрөөдөл байлаа. Одоо гэтэл би энэ сургуульд сурч байна. Цаашдаа би сургуулиа амжилттай төгсөөд сайн хөгжмийн багш болохыг зорьж байна. Тэгээд өөртэйгөө адил бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгох болно.

-Өөрийг тань ажиглаад байхад бие даах чадвар маш сайн юм?

-Надтай ижил харааны бэрхшээлтэй хүмүүс тэр бүр над шиг биш гэдгийг 116 дугаар сургуульд сурч эхлээд ойлгосон. Нэг жишээ ярихад 116 дугаар сургуулийн ихэнх хүүхдүүд дотуур байранд амьдардаг. Нэг өглөө өглөөний цайнд өгдөг молокогоо талхан дээрээ намайг өөрөө түрхээд идэж байхыг харсан захирал “Манай сургуульд нэгдүгээр ангиасаа сураад, байранд өссөн хүүхдүүд бие даах чадвар муу байна. Харин гэрийн хүмүүжлээр өссөн Б.Баттөр бие даах чадварын хувьд сайн байна” гэж хэлсэн. Тэр үед миний энэ биеэ даасан байдал гэр бүлийнхний минь ач юм гэдгийг ойлгосон. Манай гэр бүлийнхэн намайг хараагүй учраас чи хийж чадахгүй гэж огт хэлдэггүй. Энгийн хүн шиг л бүх зүйлийг хийлгэж сургасан.

-Яриагаа энэ хүргээд өндөрлөе. Хүсэлтийг минь хүлээн авч ярилцсанд баярлалаа?

-Баярлалаа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.