Г.Пүрэвсүрэн
СЭЗИС-ийн 95 жилийн ойд зориулсан “Глобалчлал 4.0 ба Монгол Улсын хөгжлийн шинэ парадигм” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Аж үйлдвэрийн IV хувьсал ба санхүү, нягтлан бодох бүртгэлийн суурь асуудал” сэдвээр илтгэл тавьсан, доктор Ж.Ариунболдтой ярилцлаа.
Тэрээр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн дэд дарга бөгөөд ажлын албаны захирал юм.
-Аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар их яригдаж байна. Тэр хувьсгал дэлхийн хэмжээнд, манайд ямар шатандаа явна вэ?
-2015 оноос аж үйлдвэрийн IV хувьсалын талаар ярьж байна. Энэ хувьсалын хамгийн гол онцлог нь үүлэн технологи, хиймэл оюун ухаан, технологижсон үйлдвэрүүдийн гээд технологийн хөгжлийг даган явагдаж байгаа.
Би аж үйлдвэрийн IV хувьсалыг хийхэд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн салбарт ямар асуудлууд тулгамдаад байгаа талаар ярилаа.
Дэлхий дээр 2030 он гэхэд нийт ажлын байрны 7.1 сая нь устаж үгүй болно гэсэн мэдээ байна. Үүн дотор нягтлан бодох бүртгэл, санхүүгийн зарим ажил байхгүй болох нь. Тэгэхээр бид аж үйлдвэрийн IV хувьсалтай уялдуулж, яаж нягтлан бодох бүртгэл, санхүүгийн асуудлуудаа цэгцэлж болох вэ гэдэг талаар ярилцах шаардлага тулгарч байна.
Мөн аж үйлдвэрийн IV хувьсалтай их, дээд сургуулиудын сурах бичиг яаж уялдах ёстой юм бэ гэдэг асуудлыг ярих ёстой. Хүмүүс маш том компани, үйлдвэрүүд шилжилтийг яаж хийх вэ гэдэг асуудлуудыг сонирхож харж байгаа бол бид маш энгийн мөртлөө хамгийн чухал гэж бодож байгаа энэ зүйлийг ярих ёстой.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс, Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чанарыг сайжруулах зорилготой олон ажил хийж байгаа.
-Мэдээж сургалт, сурах бичгийн асуудал чухал. Гэхдээ сурах бичгийг яаж аж үйлдвэрийн хувьсгалтай уялдуулах юм бэ?
-Сурах бичгийн шалгуур шаардлага гэдэг юмыг манай байгууллага, бид судлаад боловсруулсан. Мөн эрдмийн зэрэг цолны асуудал байна. Монголын их дээд сургуулиудад магистр, доктор гэсэн эрдмийн зэргийг юу гэж, яаж ашиглаж байгаа юм бэ гэдэг тулгамдсан асуудал бий. Мөн боловсролын докторын зэргийн тухайд ч ойлголтын зөрүү байна. Аж үйлдвэрийн IV хувьсалд орохын тулд бид ойлголтуудаа багцалж, цэгцэлж авахгүй бол дутуу зүйл их байна. Тийм учраас ном сурах бичгээс эхлээд ярих ёстой шүү дээ.
-Боловсролын салбарт ямар өөрчлөлт болох бол?
-Глобал өрсөлдөөний үед боловсрол яах вэ гэдэг асуудал зүй ёсоор тавигдана. Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед боловсролын талаар хоёрхон зүйлийг л ярьж байна. Юуны өмнө инновацын чадвар. Энэ цаг үед сониуч, юмыг задлан шинжилдэг, шинийг бүтээгч хүмүүс хэрэгтэй юм байна. Мөн ажил хэрэгч байдал чухлаар тавигдаж байна. Бүх зүрх сэтгэлээ тухайн ажилдаа дайчилдаг, бизнесийн чадвартай ийм хүмүүсийг бид глобал өөрчлөлт, дижитал өөрчлөлтөд бэлэн байлгах ёстой юм байна. Дараа нь мэдлэгийн гүнзгийрэл гэдэг юмыг маш их ярих ёстой. Өргөн мэдлэгтэй байхаасаа илүү тухайн чиглэлээр нарийсах гэдэг зүйлийг дэлхий даяар ярьж байна.
Боловсрол нийгмийн баялаг биш болж эхэллээ. Өөрөөр хэлбэл төрөөс боловсролын салбарт мөнгө санхүү, хандив өгч дэмждэг байсан бол одоо өөрөө өөрийгөө хөгжүүлдэг систем рүү шилжчихсэн байна. Тийм учраас бид багшгүй боловсрол гэдэг зүйлийн тухай ярих ёстой юм байна. Ингээд боловсролын системийг савлагаатай, ээдрээтэй, эргэлзээтэй олон санаа агуулсан нөхцөл байдал гэж томьёолжээ.
-Хиймэл оюун ухааны талаар их ярих боллоо. Энэ чиглэлээр манайхан хэр ажиллаж байгаа вэ?
-Тодорхой түвшинд, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн салбарт хийсэн зүйлүүд бий. Гэхдээ түүнийг бүр сайжруулах хэрэгтэй байна. Өнөөдөр дэлхий дээр үүлэн тооцоолол, жолоочгүй машин эсвэл бүр хүний оюун ухаанаас давсан технологийн асуудлуудыг шийдээд, амьдралд буулгачихлаа. Сая Хятадад болсон Хятадын коммунист намын хурал дээр АНУ-ын ерөнхийлөгчийн яриаг 100 хувь автомат программ хангамжаар, хүний оролцоогүйгээр орчуулж харууллаа. Тэгэхэд ярианы 95 хувийг нь маш ойлгомжтой орчуулж байна гэдэг нь хиймэл оюун ухаан ямар түвшинд хүрснийг харууллаа.
Монгол Улсад, бидний өмнө маш хүнд хүнд асуудал, сорилтууд байна. СЭЗИС-ийн хөндөж буй дижитал өөрчлөлт гэдэг бол маш чухал.
-Та дижитал өөрчлөлтийн талаар дурдлаа. Тодруулж яриач?
-Бид дижитал өөрчлөлтийг хаа сайгүй хийж байна. Жишээлбэл, “Хаан банк” маш олон теллертэй байсан. Одоо цахим машинаар бүх гүйлгээг хийдэг боллоо. Оюутнууд дугаарлаж зогсоод оюутны үнэмлэхээ авдаг байсан бол онлайн, цахимаар харьцдаг боллоо. Банк санхүүгийн байгууллагууд дижитал өөрчлөлт рүү шилжлээ. Одоо компьютер биш клоуд буюу үйлдлийн систем рүү бүгд шилжиж эхэллээ. Бүх үйлдвэр, аж ахуйн газрууд цөөн, хоёр гуравхан хүнтэйгээр 100, 200 хүний ажлыг хийдэг систем рүү шилжиж байгаа учраас 2015 оноос эхлээд хөдөлмөрийн хөлс буюу хүнд өгдөг цалингийн хэмжээ буурах хандлагатай болчихлоо. Өөрөөр хэлбэл тун удахгүй роботууд бидний ажлыг хийх нь ээ. Саяхан нэг япон профессор “Өөрийнхөө оронд, өөртэйгээ адилхан роботоор хичээл заалгахад оюутнууд нь таниагүй” гэж ярьж байсан. Тэгэхээр дижитал өөрчлөлтүүд дэлхий дээр ийм болчихлоо.
-Аж үйлдвэрийн IV хувьсгалын үр дүнд тодорхой мэргэжлүүд алга болно гэж байгаа?
-Зарим мэргэжил алга болоод эхэлчихлээ. Харилцагчийн үйлчилгээ, оффис менежер, орчуулагч, үйлчлэгч, теллер, техникч, жолооч гэх мэргэжлүүд 100 хувь хиймэл оюун ухаан дээр суурилах болно.
Эдийн засагч, нийтлэлч, хуульч, судлаач, эрдэмтэд бол дүрэм журам дагадаг бүтээлч хүмүүс. Гэхдээ энэ хүмүүсийн 50 хувь нь аж үйлдвэрийн IV хувьсалд нэрвэгдэж ажилгүй болно. Энэ хүмүүсийн ажилд өөрчлөлт орох нь. Харин хүнтэй ажилладаг нийгмийн ажилтан, захирал лидерүүд, стратегич, PR менежерүүд үлдэх магадлалтай байгаа.
-Худалдаа арилжааны салбарт их дэвшил гарч байгаа талаар та юу хэлэх вэ?
-Одоо дэлхий нийтээрээ и-комерс, и-арилжаа гээд явчихлаа. Үүлэн технологид суурилсан хүнгүй хүргэлтийн системүүд бий болчихсон байна. Энэ бол аж үйлдвэрийн хувьсгалуудын нэгээхэн хэсэг нь л юм. Аж үйлдвэрийн хувьсгалиуд гол нь технологи дээр суурилж, өөрчлөлтүүд бий болсон. Би энэ удаагийнхыг хувьсгал биш дэлхий дээр болж буй өөрчлөлт хувьсал, бүр тодруулбал мэдлэгийн өөрчлөлт явагдаж байгаа гэж хэлнэ. Түүнээс биш бүр хувьсгал болоод л, социалист системээс капиталист систем рүү шилжиж байгаа процесс бол биш. Тийм учраас л таныг хувьсгал гээд асуухаар хувьсал гэж хариулаад байгаа юм.
-Аж үйлдвэрийн IV хувьсгал, дижитал өөрчлөлт гэдэг эдийн засагчдад их ойр явагдаад байгаа юм байна?
-Тийм. Манай эдийн засаг, банк санхүүгийн салбарынхан чинь ихэвчлэн хүнтэй харьцаж ажилладаг. Энэ систем үүлэн технологи, клоуд систем рүү нэвтрээд аль болох хиймэл оюун ухаан, аль болох хүнээс хөндий систем рүү л шилжилт хийх гээд байгаа юм л даа. Монгол Улсад 1993 онд анх нягтлан бодох бүртгэлийн хуулийг баталж байсан бол одоо тэр хуулинд аж үйлдвэрийн IV хувьсалын томоохон өөрчлөлтүүдийг хийхгүй бол бид хоцорлоо. Хаа сайгүй үүлэн системд шилжиж бүгд дундын компьютертэй болчихсон. Эцсийн үр дүн тэндээс гарч байна. 2020 онд нэг хүнд 6.58 тоног төхөөрөмж ногдоно гэсэн тооцоо гарчихлаа. Энэ тоо 2003 онд 0.08 байсан. Удахгүй бид тоног төхөөрөмжтэй харьцдаг хүмүүс болох нь.