Урлагийн "Дэм” нийгэмлэгийн дэргэдэх Хүүхдийн хөгжмийн “АВЬЯАСТАН” сургалтын төвийн 25 жилийн ойн баярын хүндэтгэлийн тоглолт болж өнгөрлөө.
"Авьяастан" төв нь УГЗ, профессор, Улсын филармонийн ерөнхий удирдаач агсан Н.Бүтэнбаярын санаачилгаар үүсгэн байгуулагдсан төв ажээ. Тус сургалтын төвийн зүгээс өнгөрсөн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Монголын урлагийн салбарын томоохон төлөөллүүдийг төрүүлэн гаргасан анхны сургалтын төв юм. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд хоёр цуврал концерт тавьсан. Эхний тоглолтоо энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр тавьж, нийт 49 хүүхэд төгөлдөр хуурын гайхамшгийг гайхалтайгаар тоглосноос 29 нь яг одоо “Авьяастан”сургалтын төвд сурч байгаа хүүхдүүд байжээ. Тэд Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй гоцлон тоглосон юм.
Харин энэ удаагийн тайлан тоглолтод тус сургалтын төвд 25 жилийн өмнө буюу анх байгуулагдсан цагаас нь хойш суралцаж төгссөн суралцагчид нь хүрэлцэн ирж, тайлангаа тавьлаа. Тэд өнөөдөр хэдийнэ Монголын урлагийн томоохон төлөөлөл болж, гадаад дотоодын их дээд сургуулиудыг дүүргэж, авъяаслаг боловсон хүчнүүд болоод байна.
Энэ талаар “Авьяастан” сургалтын төвийн захирал, төгөлдөр хуурын багш Д.Наранцацрал
-Миний хань, удирдаач Бүтэнбаяр бид хоёр анх зориглон 25 жилийн өмнө хөгжмийн сургууль байгуулж байх үед урлаг сонирхож, хүүхдээ сургаж байсан хүн харьцангуй цөөн байсан. Гэхдээ л анхны сургалтаа 20 хүүхэдтэйгээр эхэлж байлаа. Түүнээс хойш суралцах хүсэл сонирхолтой хүүхдүүд тасралтгүй нэмэгдсээр өнгөрсөн хугацаанд нийт 300 гаруй урлагийн боловсон хүчнийг төрүүлэн гаргаж, монголынхоо урлагийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж яваадаа үнэхээр баяртай байдаг. Өнөөдөр тайлангаа тавьж байгаа анхны сурагчдын төлөөлөл маань тухайн үедээ олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, АНУ, Англи, Франц, Испани, Унгар зэрэг Европын орнууд, мөн ОХУ-ын олон уралдаануудаас гран при, тэргүүн, дэд байруудыг эзэлдэг байсан" гэлээ.
Харин тус төвийн анхны суралцагчдын төлөөлөл болж өнөөдрийн тайлан тоглолтод оролцож байгаа О.Намуун
"Би Наранцацрал багшийнхаа анхны шавь нарын нэг. Өнгөрсөн хугацаанд манай "Авъяастан" сургалтын төвийн суралцагчид зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын уралдаан тэмцээнүүдийн тэргүүн байрыг тогтмол эзэлж байсан. Энэ бүх амжилт маань манай хөгжмийн сургуулийн үр дүн гэж би боддог. Багшийнхаа удирдлага дор төгөлдөр хуурыг сурч, өнөөдөр ч гэсэн энэ хөгжмийн боловсролоо амьдралдаа хэрэгжүүлж явж байна. Багшдаа маш их хайртай шүү, энэ хөгжмийн сургуулиараа үргэлж бахархаж явдаг шүү" гэлээ.
Дашрамд дурдахад "Авьяастан" сургалтын төвийн санаачилгаар “Ээж ээ та сонсооч” уралдааныг зургаан удаа тавьж, монголын багачуудаас гадна хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ-ын оролцогчдын шандсыг сорьж байжээ.