“Бестдент” шүдний эмнэлгийн их эмч Г.Лхагвасайхантай ярилцахаар товлосон цагт нь очсон ч тэрбээр үйлчлүүлэгч олонтой завгүй угтав. Цай уух зуур уулзсан бидний яриа энгийн зүйлээс эхэлсэн юм. Эмч бүсгүй миний эмч болсон мөрөөдөл бол их сонин түүхтэй. Бие, сэтгэл, оюун ухаанаа олон түмний эрүүл энхийн төлөө бүрэн зориулна гэж анагаахын сургуульд орсон. Багадаа онош, эмчилгээний алдаанаас болж эрүүл мэндийн нөхөж баршгүй хохирол амсаж, олон удаа үхлийн ирмэгт ирж сэхэж байсан нь намайг энэ орчлонд хүмүүст тустай нэг зүйл хийлгэх гээд байсан байх. Тэгээд л хуваарийн дагуу эмч мэргэжил сонгож, дурлаж зүтгэж явна. Нэг жил хөдөө ажиллаж ирээд багшийнхаа эмнэлэгт таван жил ажиллаж байгаад 13 жилийн өмнө шүдний эмнэлэг байгуулсан. Эмнэлгээ цэвэр бизнесийн зорилгоор байгуулаагүй, өөрийхөө хийж чаддаг бүхнээ бусдад тус болохын тулд бүхий л боломжоор ажиллаж байна. Нарийн мэргэжлийн тусламж авч чадахгүй байгаа олон газар очиж эмчилгээ хийлээ. Мэдээж тэнд орж байгаа үйлчилгээ, ажилтны цалинг тооцож төлбөртэй байдаг ч улсын жишиг үнэлгээнээс доогуур. Төлбөргүй эмчилгээ ч их хийдэг. Гэтэл төр засгийн зарим нэгэн албан тушаалтан, бодлогын алдаанаас энэ ажиллагааны эрч хүч сүүлийн гурван жил сулраад байгаа. Сүүлийн үед юм хийсэн хүнд элдэв дарамт шахалт үзүүлээд байдгийг их ойлгоод байгаа шүү. Германы зах хязгааргүй нийгэмлэгээс өөр манай эмнэлэг шиг эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн хувийн эмнэлэг одоогоор байхгүй. Монгол хүнийг 55 нас хүртэл амны хөндийг эрүүл, бүрэн бүтэн шүдтэй байлгах нь зорилгын маань ч нэг хэсэг л дээ хэмээн өгүүлсэн.
-Хүмүүс шүдээ өвдвөл авахуулчихдаг байсан үе саяхан. Гэтэл сүүлийн үед шүдэндээ анхаарал тавьж эмчлүүлдэг болжээ?
-Намайг дөнгөж эмч болж байх үед хүмүүст шүдний эмчилгээний талаар ойлголт бага, өвдвөл нь бушуухан авахуулъя гэж ирдэг байлаа. Харин одоо шүдээ авахуулахгүй, аль болох эмчилгээ хийлгэдэг болсон нь сайшаалтай. Хүмүүсийн өөртөө хандах хандлага өөрчлөгдөж, аливаа өвчний эх үүсвэр шүдний өвчнөөс үүдэлтэй болох талаар цахим хуудас, эрүүл мэндийн ном, товхимол, ТВ, сонин, FM радио, сайтаас мэдээлэл авч байна. Хэдийгээр эрүүл мэндийн боловсрол нь нэг талаар дээшилж буй ч хоол хүнсэндээ анхаарал тавихгүйгээс шүдний цоорол өвчин жилээс жилд нэмэгдсээр. Шүдний өвчин хувь хүний өөртөө сахих ариун цэврээс их хамаардаг. Өөртөө анхаарал тавьдаг хүн амны хөндийн өвчнөөр тэр бүр өвчилдөггүй.
-Аливаа өвчний эх үүсвэр шүдний өвчнөөс үүдэлтэй гэж хэллээ. Тэгэхээр шүд эрүүл бол бие эрүүл байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Шүд бол дотор эрхтнийг өвчлөлгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг эх суурь нь, хэл бол дотор эрхтний толь болдог. Шүдний өвчнөөс маш олон өвчин үүсдэг. Хүмүүс шүдээ эмчлүүлэхгүй дотор эрхтэнээ эмчлүүлээд яваад байдаг. Хэрэв өвчин үүсгээд байгаа шалтгаанаа таслахгүй бол өвчин эдгэрэхгүй архигшаад л байна. Шүдний өвчлөл их бол хоолойны өвчин зүгээр болохгүй. Шүдний өвчин даамжирсаар хоолойны ангина, хүндэрсээр үе мөч, зүрх өвчлүүлдэг. Хоолойны ангины булчирхай болон шүдэнд байгаа нян бактерийн хор цусанд шууд дамждаг. Цусаар дамжиж халдварласан нян, түүний хор захын эрхтэн системийг гэмтээж зүрх, улмаар элэг, бөөрийг өвчлүүлнэ. Өвчилсөн бөөр хүндэрсээр аажимдаа бөөрний дутагдалд орно. Тиймээс шүдээ эрүүл, бүтэн байлгах нь чухал. Шүд үүргээ гүйцэтгэхээ боливол дотор эрхтэнд өвчин үүсэх эхлэл тавигдахаас гадна гоо сайхан алдагдана. Хүмүүс шүдийг зөвхөн аманд орсон зүйлийг зажилж бутлан, хоол боловсруулах эрхтэнд дамжуулах үүрэгтэй гэж ойлгодог. Гэтэл шүд бүр гоо сайхан болоод хэл, ярианы хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, үүдэн шүдний хэсэг таслах, соёо шүд зулгаах, араа шүд бутлах, арын араа шүд жижиглэн буталж улаан хоолой, залгиур руу дамжуулах үүрэгтэй. Араа шүдгүй бол ходоод, бүдүүн гэдэсний үйл ажиллагаа хамгийн түрүүнд алдагдаж доголдоно. Залуу насанд араа шүдгүй байсан ч ходоодны шүүрэл их ялгардаг тул хоол боловсруулж чаддаг. Нас ахихаар ходоодны шүүрэл аяндаа багасаж бүхлээр нь залгисан хоолоо боловсруулж дийлэхээ больдог. Тийм үед хөгшчүүд “Ходоодонд хоол холгоод шингэхээ болилоо” гэж ярьдаг.
-Та шүдний эмчээр олон жил ажиллаа. Туршлагадаа тулгуурлаж судалгаа хийв үү?
-Би мэргэжлээрээ 20-иод жил ажиллаж байна. Олон жил ажилласан эмчийн хувьд нэг зүйлийг ажиглаж анзаарсан юм. Манай эмнэлэгт нэлээн хэдэн хүн шүд сэнгэнээд байна ямар эмчилгээ хийлгэх вэ гэж хандсан. Миний хувьд ясны сийрэгжилтэд орсон байж болзошгүй гээд хэсгийн эмчилгээ хийж байсан юм. Гэтэл хэдэн жилийн өмнөөс бүдүүн гэдэсний хавдартай болсон, шулуун гэдсэнд өөрчлөлттэй, гэдэснээс цус их алдсан хүн байх жишээтэй. Эрдэмтэд ч гэсэн энэ тал дээр судалгаа хийх нь зүйтэй. Шүдэнд илэрч байгаа эмгэгүүд дотор эрхтний зарим өвчнийг болон ямар хүнс хэрэглээд байгааг илтгэж байдаг учир зарим хүмүүст “Та шүдээ эмчлүүлэхээс гадна нарийн мэргэжлийн эмчид даруй үзүүлж, дотор эрхтэн болоод бүдүүн гэдсээ дурандуулж шинжилгээ өгөөрэй” гэж зөвлөдөг. Шүд бол яс, мөгөөрс, булчин, шөрмөс, цус, мэдрэл агуулсан бие даасан эрхтэн тэгвэл хүний бие нэг бүтэн бие организм чинь шүдний өөрчлөлт өөр хоорондоо хамааралтай л байгаа шүү дээ. Үүнд л анхаарлаа их хандуулдаг. Шүдийг нь эмчлэхдээ ерөнхий биеийн байдлыг сайтар ажиглах. Би хүний шүдэнд эмчилгээ хийхдээ өөрийнхөө шүд шиг хайрладаг. Манай эмнэлгээр анх цэцэрлэгийн наснаасаа эмчлүүлж байсан залуус өдгөө 25-30 нас хүрчээ. Тэд ихэнх нь бүрэн шүдтэй явдгийг анзаарсан. Ямар ч хүнд сайн ч тал бий, муу ч тал бий. Надад эмчлүүлэгчээ эмчилж эдгээчихээд эргээд хяналт тавьдаггүй орхидог дутагдал байсан. Ажил, цаг заваасаа болоод хүмүүс мартах гэдэг хэцүү эмгэгээс өвчнөө хүндрүүлж ирээд байх болсон. Тиймээс эмчлүүлсэн хүнээ урьдчилан сэргийлж үздэг болсон. Ингэж үздэг болсноор шүдийг цоорол болоод бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн талтай. Харин судалгааныхаа ажлыг өөр чиглэлээр хамгаалсан.
АРАА ШҮД УНАВАЛ НҮҮРНИЙ ХЭЛБЭР ӨӨРЧЛӨГДӨЖ, ХҮЗҮҮНИЙ АРЬСАНД ҮРЧЛЭЭ ҮҮСДЭГ
-Тантай ярилцах зуураа “Шүд авахуулах, шүдгүйдэл үүсэх нь мэдрэлийн үйл ажиллагаанд ч нөлөөтэй” гэж хэлж байсныг чинь гэнэт саналаа л даа?
-Тийм ээ. Шүдний өвчин хүнийг стресстүүлж их ядраадаг. Өвдөнгүүт нь шүдээ авахуулаад байвал эд, эс тасраад л байна гэсэн үг. Амьдарч байсан цаг үеэсээ хамаараад хөгшчүүд шүдээ маш их авахуулсан байдаг. Дээр үед өнөөгийнх шиг чанартай багаж төхөөрөмж байсангүй, шүдний эмчилгээний тухай ойлголт ч байгаагүй. Шүдээ их авахуулснаас гурвалсан мэдрэлийн өвчинд өртөх нэг суурь нь болдог. Тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж аймхай, цочимхой болно. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үг бий. Гоо сайхан алдагдаад ирэхээр сэтгэл зүйн өөрчлөлт болно. Хүмүүсийг хөгшин, залуу, хүүхэд гэлтгүй хамгийн түрүүнд өөртөө анхаарах дайчилгаанд оруулдаг зүйл бол гоо сайхан. Манайхаар эмчлүүлдэг зарим нэг үйлчлүүлэгч шөнө болсон байхад “Яанаа эмч ээ, миний үүдэн шүд унах гээд байна. Та өглөө эрт эмнэлэг дээрээ ирээд эмчлээд өгөөч” гэж утасддаг. Үүдэн шүд унавал гоо сайхан алдагдаж, олны нүдэнд таагүй харагдана гэдгийг мэддэг хэрнээ араа шүдээ цоорсон байхад тоохгүй яваад байдаг. Үүдэн шүд унахад хүн гоо сайхнаараа хохирч үлдэнэ. Харин араа шүд унавал гоо сайхныг аажим аажмаар алдагдуулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд хамгийн их нөлөөлнө. Араа шүд нь унаад арван жил болоход нүүрний хэлбэрт өөрчлөлт орж, хүзүүний арьсанд үрчлээ нэмэгддэг. Шанааны булчин доош унжихаар нүүр шөмбийх, хацар хонхойн арьс унжих шинж тэмдэг илэрдэг. Мөн “арслангийн нүүр” гэх шинж ч үүснэ. Энэ нь араа шүдээ авахуулсан, мөн амны хөндийн тойрог эрхтэн болох булчингуудыг ажиллуулж хөгжүүлээгүйгээс үүсдэг эмгэг. Шүд дүүжлүүр эрхтэн. Бүх талаасаа нэг түвшинд байрлаж байдаг. Хоорондоо холбоотой байдаг тул нэг шүд унавал зай гарч хажуу талынх нь хоёр шүд хөдөлгөөнд орж ганхана, эсрэг талын шүд сунана. Тэгэхээр нэг ч шүд авахуулахгүй байхыг хичээх нь зүйтэй. Хэрвээ шүд унасан бол даруй хийлгэх хэрэгтэй.
-Хүүхдийнхээ унаган шүдийг хайрлаж эрүүл, бүтэн байлгах ёстойг эцэг эхчүүд мэддэг хэрнээ нэхсэн амттан болгоныг авч өгдөг. Энэ нь нэг талаар шүд гэлтгүй эрүүл мэндийг нь хорлож байгаа юм шиг санагддаг?
-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд эрүүл шүдтэй байлгах хэрэгтэй гэдгийг эцэг, эхчүүд анхаарах ёстой. Тэр тусмаа залуу гэр бүл үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол эхлээд өөрийнхөө биеийг эрүүл байлгах хэрэгтэй. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд гэр бүлийн гишүүд шүдний ямар нэгэн өвчлөлгүй байлгах шаардлагатай. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс хүүхдээ тээж чадах хэмжээнд биеэ эрүүл байлгах ёстой юм. Үр хүүхэд төрүүлэхдээ эртнээс төлөвлөх нь зүйтэй. Ямар нэгэн эмгэгтэй хүүхэд төрүүлээд дараа нь харамсах тохиолдол залуу гэр бүлд цөөнгүй байсаар байна. Сүүлийн үед хүүхдүүдийн дунд шүдний цооролоос гадна шүд бөөгнөрөх, шүд саатаж ургах өвчлөл их байна. Энэ нь өдөр тутам хэрэглэж буй хоол хүнстэй нь холбоотой. Үүнд эцэг эхчүүд ч учир дутагдалтай. Хүүхдүүдийнхээ ургаж буй шүдийг гэмтээчихнэ гэж хэт болгоомжлоод зөөлөн зүйл идүүлснээс эрүү, нүүрнийх нь булчинг хөгждөггүй.
-Өөрөөр хэлбэл шүднийх нь гүйцэтгэх үүргийг хорьчихож байна гэсэн үг үү?
-Хатуу зүйл зажилж, буталж, хазаж идэх тусам хүүхдийн амны хөндийн булчингууд чангарч хөгждөг. Хөгжих тусмаа хэл яриа нь тод чанга болно. Гэтэл зөөлөн зүйл идсээр байгаад шүд нь бөөгнөрч, ургах нь хүртэл саатаж, хэлд удаан орж байна. Хүмүүсийг хүүхдээ үзүүлэх гээд ирэхэд нь хамгийн түрүүнд эрүү нүүрнийх нь булчин хэр хөгжиж байгааг хардаг. Ааруул иддэг, мах иддэг хүүхдийн шүдний ургалт, хэл ярианы хөгжил харьцангүй өөр байдаг. Цагаан идээ түлхүү хэрэглэдэг айлын хүүхдүүдийн шүд зөв байрлалтай, бат бөх ургасан байхад зөөлөн мах, гурил, боов гэх зэрэг зөөлөн хүнс хэрэглэсэн хүүхдийн шүд бөөгнөрсөн, эсвэл шүднийх нь ургалт сарий мурий, удааширч саатсан байдаг. Олон жил ажигласан ажиглалт, ажлын туршлагадаа тулгуурлан судалгаа хийхэд орон сууцанд амьдардаг хүүхдүүдийн шүд ямар нэгэн өвчлөлтэй, цооролтой, хорхой идсэн байхад хөдөө, гэр хороололд өссөн хүүхдүүдийн шүдний өвчлөл бага байгаа нь хүнсний зүйлтэй их холбоотой.
ХҮҮХДИЙН ШҮД УРГАХ ҮЕД ИХ ЗАГАТНАДАГ УЧИР ХАТУУ ЗҮЙЛ ХАЗУУЛ
-Настай хөгшчүүд ач, зээгийнхээ шүдийг загатнахаар шаазан аяга зуулгадаг. Өнөө үед залуу гэр бүл хүүхдэдээ хаймар голдуу зуулгаж харагдах юм?
-Монголчууд хүүхдийнхээ шүдийг загтнахаар гангар шаазан аяга хазуулдаг уламжлал өнөө цагт алдагдсан. Хатуу ааруул, хурууд мэрүүлж, бүлх, булчин зулгаалгуулж шүдийг нь зөв байрлалтай хөгжүүлдэг байв. Бүлх, мөгөөрс идэхээр уураг коллаген болж хүүхдийн яс, үе мөчинд ч сайн. Гэтэл залуу гэр бүл хүүхдийнхээ шүдийг хайрлаад хаймар хазуулдаг. Хаймар нь хаанаас ирсэн, ямар материалаар яаж хийсэн бүү мэд, тэгээд ч химийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүн хүүхэд хазаж мэрээд ходоодонд орж байгааг мэдэх боломжгүй. Хүний шүлсэнд хүчтэй ферментүүд байдаг түүнд уусаж байгаа ч юм бил үү. Хуванцарыг хүмүүс хортой л гэнэ, тэгвэл тэр хаймар ч гэсэн байгалийн бүтээгдэхүүн мөн үү. Хүүхэд зөөлөн зүйл хазахаар шүднийх нь ургалт удааширна. Хүүхдийн шүд ургахдаа мэрж, хазаж, зулгаах гээд байгалийнхаа жамаар, биологийн хуулиар бие нь шаардаад байгаа тул хатуу зүйл сайн хазуул, зулгаалга. Хүүхдийн сүүн шүд томрох тутам зай үүсээд байвал маш сайн. Эрүүний хөгжил хэвийн байна гэсэн үг. Хүүхдийнхээ шүдэнд гажиг үүсэхээс урьдчилан сэргийлж эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй. Гажиг үүсэхээс сэргийлж шүдний ургалтыг зөв залбал аппарат зүүхгүй. Аппарат хүүхдэд ямар хэцүү болох, цаг хугацаа, санхүүгийн хувьд ч асуудал үүсдэг. Мөн багаасаа хатуу зүйл идээгүй хүүхэд томорсон хойноо ч зөөлөн юм идэх гэж тэмүүлдэг. Гавьяат эмч Пүрэвжав багш бидэнд хичээл заахдаа “Шүдний өвчин бол баячуудын өвчин” гэж хэлдэг байсан. Хэдий хатуу ч үнэн үг шиг санагддаг.
САХАРЫН ШИЖИНТЭЙ ХҮНИЙ ШҮДИЙГ АЛЬ БОЛОХ АВАХГҮЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ
-Шүд сулрах өвчин хүмүүсийн дунд байх юм. Энэ юутай холбоотой үүсдэг вэ?
-Шүдний цоорол, шүд сулрах өвчин өндөр хөгжилтэй оронд ч байдаг. 10-аад жилийн өмнө 60-аас дээш настай хөгшчүүдийн шүд нь суларч эмчилгээ хийлгэдэг байсан. Тэгвэл энэ өвчин залуужиж байна. Шүдээ авахуулснаас хажуу талын шүднүүд ганхах, мөн амны хөндийн тойрон буй эрүүний булчингуудыг ажиллуулаагүйгээс, бас гадаа халуун, хүйтэнд удаан зогсож ажилладаг хүмүүс, жолоо олон жил барьсан жолооч нар шүд сулрах өвчинд голдуу өртдөг. Шүдээ бат бэх байлгах амны дасгал хийвэл сайн. Шүд сулрах өвчин цаанаа өвчний шалтгаантай ч байдаг. Тухайлбал, холбогч эдийн өвчин буюу үе мөчний өвчтэй, сахарын шижинтэй хүмүүст илүү тохиолдоно. Сахарын шижинтэй хүнд ясны хайлалт явагддаг. Зарим нэг залуу эмч шүд суларсан хүний шүдийг цаад өвчнийх нь шалтгааныг судлалгүй авчихдаг. Сахарын шижинтэй хүний шүдийг аль болох авахгүй байх нь зүйтэй. Ийм өвчтэй нэлээд хүн миний хяналтанд байж эмчлүүлдэг.
-Шүдээ авахуулсан хүмүүс хиймэл шүд голдуу хийлгэдэг. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү?
-Хиймэл шүд хийлгэх нь давуу талтай ч сөрөг үр дагавартай. Үзэж байгаа эмч тухайн хүний онцлог, насанд тохирсон хамгийн боломжтой хиймэл шүдний төрлийг сонгож, хамт ярилцаж шийднэ. Авагддаг болон авагддаггүй хиймэл шүд өөрийн гэсэн сайн муу талтай. Түүнийг сайтар ойлгуулах нь чухал. Хиймэл шүд бол онгорхойг бөглөдөг хэрэгсэл биш шүдний гурван үүргийг их бага хэмжээгээр гүйцэтгэх хиймэл эрхтэн. Зохисгүй хиймэл шүднээс амнаас эвгүй үнэр гарахаас эхлээд хорт хавдар үүсэх ч хүчин зүйл болдог. Санхүүгийнхээ боломжоос хамаараад авагддаг хиймэл шүд хийлгэснээс хажуу талынхаа шүднүүдийг хөшиж, хөдөлгөөнд оруулах, цоорол үүсэх, жилийн дараа гэхэд шүдгүй болдог ч тохиолдол бий. Мөн технологийн горим алдвал аюултай.
ХӨГЖИЛТЭЙ ОРОНД ШҮДНИЙ ЦООРОЛТТОЙ ХҮНИЙГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙД ТООЦДОГ
-Гадаадын өндөр хөгжилтэй оронд шүдний цооролтой хүнийг хөгжлийн бэрхшээлтэйд тооцдог гэсэн яриа байх л юм, шүдний өвчнийг багасгахад яах ёстой вэ?
-Өндөр хөгжилтэй зарим орнуудад шүдийг нэг эрхтэн систем гэж үздэг. Шүдний даатгал ч тусдаа байдаг. Ихэнх улсад шүдээ даатгуулсан хүний шүдийг гэмтээвэл их хэмжээний торгууль төлдөг гэсэн. Тухайлбал, Азийн орнуудаас Япон улс иргэдийнхээ шүдний цоорол өвчнийг хэдийнэ эмчилж цэгцэлсэн. Үүнийг төрийнхөө бодлого болгож чадсан учраас урьдчилсан сэргийлэх үзлэгийг зургаан сар тутамд хийдэг. Хэрвээ япон хүний шүд цоорсон байвал эмчилгээндээ сарынхаа цалинг ч зарцуулна. Япончууд эрүүл иргэнтэй байхын тулд эрүүл мэндэд нь анхаарал тавьдаг. Шүдний цооролттой хүүхэд байвал хөгжлийн бэрхшээлтэйд тооцно. Шүдний цооролттой хүүхдийн эрхтэн систем үеийнхнээсээ дутуу хөгжсөн гэж үздэг. Японд эрүүл мэндийн салбар нь иргэд рүүгээ илүү чиглэдэг юм шиг ээ. Шүдний ямар нэгэн өвчин хувь хүнээс хамааралтай гэж үздэг учир ихэнх улс орнууд даатгалд оруулахгүй, онцлог бүхий сайн дурын даатгалд оруулдаг. Эрүүл мэндийн салбараа бизнесийн салбараас дутуугүй өндөр түвшинд хөгжүүлсэн болохоор дэлхийн өндөр хөгжилтэй олон орны хүмүүс солонгосыг зорьж, эмчилгээ, гоо сайхны мэс засал, хагалгаа хийлгэж байна. Тэгвэл зарим улс орон эрүүл мэндийнхээ салбарт өөрчлөлт хийн, төвлөрсөн байдлаас зайлсхийж, захын муж, алслагдмал хотуудад ажиллаж буй эмч нарынхаа ажиллах орчинд мөнгө зарцуулж, цалин хөлсийг нь нэмснээр ажлын үр бүтээмж нь өндөр болсон. Төвд ажиллахаас илүү алслагдмал мужид ажиллах эмч нар ч олон болсон. Үүнтэй адил Монголд ч гэсэн энэ бодлогыг зөв явуулах хэрэгтэй. Шүдний өвчлөлийг бууруулахад ганцхан шүдний эмч нарын ажил биш гэр бүл, хамт олон, байгууллага, төрийн хамтын зөв оновчтой нэгдсэн бодлого чухал. Гэхдээ монголчууд хоол хүнсэндээ анхаарал тавьдаггүйн улмаас шүдээ өвчлүүлсээр байна. Шүдний өвчлөлийг бууруулсан талаар Америк, Английн өрхийн эмнэлгийн бодлого их таалагдсан.
-Монголд шүдний эмнэлэг, эмийн сан хаа сайгүй байдаг хэрнээ өвчлөл ер тасардаггүй. Уг нь эмчлэгдээд, өвчин нь багасмаар л юм?
-Энэ нь эрүүл мэндийн буруу тогтолцоотой холбоотой. Монголд нийгмийн эрүүл мэндийг тогтолцоог нэгдүгээрт тавьдаггүй, зөвхөн өвчтөнг эмчлэх зорилготой ажилладаг. Иргэдээ багаас нь эрүүл мэндийн боловсрол олгоогүй, ямарваа өвчний эх үүсвэр юунаас үүдэлтэй үүсдэг болох талаар ойлголт өгөөгүйгээс Монголд өвчлөл их байна. Тэр тусмаа ЕБС-ийн сурагчдад өвчнөөс хэрхэн урьчилан сэргийлэх тухай хичээл заадаггүй. Эрүүл мэндийн боловсрол олгоогүй цагт иргэд эрүүл амьдрах ухаанд хэзээ ч суралцахгүй. Монголд эрүүл мэндийн сургалт ямар ч үнэ цэнэгүй байдаг, иргэд ч ойшоодоггүй. Тэгвэл гадаадын орнуудад эрүүл мэндийн боловсролын сургалт үнэтэй байдаг. ЭМЯ иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг байнга явуулж, мөнгө харамгүй зарцуулах хэрэгтэй. Ийм байдалд байлгах гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол байдаг байх л даа. Түүнээс биш “шүдний цоорол” өвчнийг бууруулж болно. Зөв зохион байгуулалттай, зөв сэтгэлээр, зөв хандаж чадвал шүдний өвчлөлийг бууруулах бол хэдхэн жилийн ажил шүү дээ.Шүдний эмч тухайн хүний өвчнийх нь шалтгааныг нь тодруулж, шинж тэмдэг эмгэг жамын эмчилгээг нь заавал судлах ёстой. Тухайн хүний олон шүд цооролтой байвал шүд цоорох болсон шалтгааныг нь судалж эмчилгээ хийхгүй бол үр дүн гарахгүй, дахиад л шүд нь цоорсоор байх болно. Тэгэхээр амны хөндийд буй нянг багасгаж, голомтыг нь тасалж, бичил орчинг нь өөрчлөхгүй бол эмчилгээ хийсэн ч үр дүнгүй. Хамгийн чухал нь хоол хүнсний асуудал.
ШҮДНИЙ ЭМЧ МООДНООС ГАРСАН МЭРГЭЖИЛ БОЛООД БАЙНА
-Шүдний эмч нар хоорондоо хэр холбоотой ажилладаг вэ, ажлын туршлагаасаа хуваалцаж хамтарсан судалгаа хийдэг үү?
-Бид мэргэжил нэгтэй болохоор байнга холбоотой байдаг. Жил бүр хамтарсан хурал зохион байгуулдаг. Шүдний эмч нарын ажиллах ур чадварт дэвшил, ажлын үр дүнд ахиц гарч байгаа. Эрүүл мэндийн салбаруудаас шүдний салбар дэлхийн жишигт хүрсэн. Хамгийн сайн, шилдэг технологийг байнга оруулж ирдэг. Мөн төгсөлтийн дараах тасралтгүй сургалтыг ч манай салбар чанартай үр дүнтэй явуулдаг нь их нөлөөлсөн. Харин эмнэлгүүд ямар материал сонгох нь өөрсдийн хэрэг учир ялгаатай байж болох юм. Орчин үеийн материалын чанар сайжирсан тул эмчийн ур чадвар эмчилгээний чанарт асар их нөлөөтэй. Эмч нарын туршлага клиник дээр хэдэн жил ажиллаж байгаагаас харагддаг. Монголчуудад нэг том дутагдал бий. Гэтэл эрдмийн зэрэг хамгаалаад хүн огт үзээгүй эмч байх тохиолдол ч бий. Тэгтэл цол зэрэггүй хэрнээ өдөр бүр 15-20 өвчтөн үздэг эмч нар байдаг. Хүмүүс ажлын туршлага, цол хэргэмийг төдий л ялгаж ойлгодоггүй юм болов уу даа. Ийм хоёр эмчийн ажлын туршлага, эмчилгээний үр дүн асар их ялгаатай. Манай нэг эмчийн эхнэр олгойны хагалгаанд орох болоход тэрбээр “Профессор, доктор цолтой бус олон жил мэс заслын хагалгааг амжилттай хийсэн эмч сонгохоор боллоо” гэж хэлж байсан. Тэгэхээр тэр хүн ажлын туршлагыг нь эхлээд харсан байна шүү дээ.
-Жилд 200 гаруй оюутан шүдний эмчээр төгсөж байна. Монголд шүдний эмч олон байх шаардлагатай юу?
-Гурван сая хүн амтай Монгол улсад шүдний эмч бүрэн хангагдсан. Жилд 200 гаруй оюутан шүдний эмчийн анги төгсдөг хэрнээ 10-20 хүн л ажлын байртай, бусад нь ажилгүй үлддэг. Тэгэхээр шүдний эмч моодноос гарсан мэргэжил болоод байна. Тиймээс бэлтгэсэн мэргэжилтнээ өндөр түвшинд ажиллуулахаар чадваржуулах шаардлагатай болсон. Эмч нар бэлтгэхээсээ илүү сувилагч бүх салбарт дутагдаж байна. Сувилагч бол эмнэлгийн гол ачааг үүрч явдаг мэргэжил цалин нь өндөр, хариуцлага өндөр байх ёстой. Монголд суралцсан сувилагчид гадаадад өндөр цалинтай ажиллах боломжтой. Өндөр хөгжилтэй орон өрхийн эмнэлгийн зарчим баримталдаг. Иргэд нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс илүү сувилахуйн сургууль дүүргэсэн сувилагчаар эмчлүүлэх сонирхолтой. Хөгжилтэй орнуудад нэг их эмчийн удирдлагад 10-20 сувилагч ажиллаж байх жишээтэй. Их эмч дуудлага авангуутаа сувилагчдаа эмчилгээг зааж өгөөд ажлын байр руу нь явуулдаг. Иймээс ерөнхий сувилагчаар төгссөн хүмүүс Монголд ч, дэлхийд ч дутагдаж байхад шүдний хичээл ордоггүй сувилагчийг шүдний эмнэлэгт ажиллуулах хууль дүрэмтэй байгаа нь маш учир дутагдалтай. Сүүлийн хэдэн жил нэг жилээр шүдний эмчээр туслах бэлтгэж байгаа нь сайшаалтай ч мэргэжлийн хяналтынхан нь хүлээн зөвшөөрөхгүй лицензтэй сувилагч шаардах жишээтэй. Энэ нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул юм уу. Нэг байгууллага нэг журам тушаал гаргахад нөгөө байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүйгээс болж үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хүндрэл учруулдаг.