СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Ун Владимир Путинд талархсанаа илэрхийлэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Ким Жон Ун Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэлсэн. Владивосток хотын Русскы арал дахь Алс Дорнодын Холбооны их сургуулийн байранд үргэлжилж буй дээд хэмжээний уулзалтын үр дүнг дэлхий нийтээрээ ажиглан хүлээж байна.

Удирдагчид дээш гарч хэлэлцээрийн ширээний ард суухын өмнө орчуулагчдаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлсэн. Дээд хэмжээний уулзалтад оролцохоор Владивостокыг зорин ирсэн Умард Солонгосын залуу удирдагч завгүй цаг үед хүлээн авч уулзсанд талархсан сэтгэлээ Путинд хандан илэрхийлсэн байна.

Ким Жон Ун: Агуу Орос орны ард түмнийг удирдах хүндтэй үүргийг дахин хүлээсэнд баяр хүргэсэн захидлаа би хэдий нь түрүү жил танд илгээсэн. Энэ удаад өөрийн биеэр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд дахин баяр хүргэх боломж олдсонд таатай байна. Уулзалт хоёр орны харилцаа холбоог сайжруулан хөгжүүлэхэд, урт удаан түүх, уламжлалт нөхөрлөлөө илүү гүнзгийрүүлэн ойртуулахад маш их үр өгөөжтэй болно гэж бодож байна.

Үүний хариуд Оросын Ерөнхийлөгч Путин бидний харилцаа холбоо Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг тодорхойлж ойлгуулахад тусална гэжээ.

Владимир Путин: Таныг Орос оронд байгаад маш их баяртай байна. Бид урт хугацааны өмнө уулзалт зохион байгуулахаар зөвшилцсөн. Юун түрүүнд баяр хүргэж байгаа тань сайхан санагдаж байна. Би хариу захидал илгээсэн ч БНАСАУ-ын удирдагчийн хувиар өөрийн биеэр баяр хүргэсэнд талархлаа. Өнгөрсөн жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиосон билээ. Солонгосын хойгийн харилцаа холбоог сайжруулах, Америк-Умард Солонгосын харилцааг тогтвортой болгоход гаргасан хичээл зүтгэлийг тань үнэлж байна. Хоёр талын уулзалтын гол сэдэв нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээс гадна хүмүүнлэгийн асуудлыг хөндөнө.

 

 

Ким Жон Ун, В.Путин нарын уулзалт хэнд ашигтай вэ?

Дээд хэмжээний уулзалт Умард Солонгосын удирдагч болон Оросын Ерөнхийлөгчийн хувьд аль алинд харилцан ашигтай үр өгөөжөө өгөх уулзалт болно гэж ажиглагчид харж байна.

- Ким Жон Ун Орост айлчилснаар олон улсын тавцанд нөлөө бүхий удирдагч гэдгээ харуулахыг зорино гэжээ.

- Мөн Ерөнхийлөгч Путиныг АНУ-ын Засгийн газарт шахалт үзүүлж эдийн засгийн хоригийг сулруулах нөхцөл бүрдэхийг хүлээж байна.

- Нөгөө талаар Умард Солонгос Оростой харилцаагаа улам бататгаж эдийн засгийн тусламж дэмжлэгээ нэмбэл дан ганц Хятадаас эдийн засгийн хараат байдлаас салах эхлэл болно гэж үзэж байна.

Харин Владимир Путин Ким Жон Унтай уулзсанаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх үйл хэрэгт Америк, Хятадын адил чухал үүрэг гүйцэтгэж оролцоогоо нэмэгдүүлнэ гэж ажиглагчид таамаглажээ. Оросын Засгийн газар Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг дэмждэггүй улс орнуудын нэг юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.