ХБНГУ-ын Дойче Велле Академийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Open Data” төслийн хаалт өчигдөр орой боллоо.
Уг төслийн хүрээнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн дөрвөн багийг нээлттэй өгөгдлийг боловсруулах сургалтад хамруулж, шилдэг бүтээлийг шалгаруулсан байна.
Дойче Велле Академийн Монгол дах хөтөлбөрийн зохицуулагч Патрик Беннинг "Бид эрэн сурвалжилсан дата сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагнал бий болгохоор ярилцаж байгаа. Сэтгүүлч та бүхэн өнөөдрөөс эхлэн дата сэтгүүл зүйн бүтээлийн судалгаандаа ханцуй шамлан ороорой. Бид Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран зөвлөгөө мэдээлэл өгнө” гэдгээ илэрхийлсэн байна.
Дэлхий дахинд шинэ зууны баялаг гэгдээд байгаа нээлттэй өгөгдлийг боловсруулснаар хөдөлшгүй баримт нотолгоонд суурилсан, сэтгүүл зүйн шилдэг бүтээл гаргаж болдог арга зүйд дөрвөн сарын хугацаанд суралцсан багууд өчигдөр эхний бүтээлүүдээ танилцуулж шилдгүүдээ тодруулахад “Brain storm” баг “Тэтгэврийн даатгалын сүүдэр” бүтээлээрээ тэргүүн байрт шалгарчээ.