СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-25

ШУУД: Б.Дэлгэрмаа Ардчилсан намын дэд дарга болсон тул Элчин сайдаас чөлөөлөв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар таван асуудал хэлэлцсэн. Хамгийн сүүлийн асуудал буюу Элчин сайд эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээсэн.

Тус албан бичигт

“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, Ардчилсан намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 55.8 хувь нь дэмжсэн. Чуулганаас гарсан шийдвэрийг Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэх юм

Шийдвэр гарахын өмнө хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Б.Дэлгэрмаа Намын дэд дарга болсон нь үнэн үү. Үнэн бол өргөдлөө өгөөд өөрөө ажлаа өгчхөж болдоггүй юм уу. Хоёр газар зэрэг ажиллах гээд байгаа юм шиг санагдаж байна. Өөрөөс нь асууж үзсэн үү, намын дэд дарга болсон эсэхийг нь тодруулсан уу?

Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа

Б.Дэлгэрмаа Элчин сайд Ардчилсан намын дэд даргаар томилогдсон нь үнэн. Албан ёсны тогтоол нь надад байна. Гаргасан өргөдөл нь журмынх нь дагуу шийдвэрлэгдэх байсан. Өргөдлөөс нь өмнө асуудал орж ирсэн. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат

Ийм зөвшилцлийн бичиг ирүүлсэнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт харамсаж байна. Улстөржсөн утга бүхий шийдвэр гаргасан. Б.Дэлгэрмаа чамгүй сайн ажилласан гэж харж байгаа. Гэхдээ энэ хүнийг ажлаа өгөхөд нь нэр төрд нь сэв суулгахаар бичиг УИХ-д оруулж ирж байгаа нь буруу. Б.Дэлгэрмаа дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Ерөнхийлөгчид өргөдлөө өгсөн. Хугацаа дуусч байгаа учраас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл. АН-ын ҮБХ дөрөвдүгээр сарын 07-нд хуралдсан. Б.Дэлгэрмаа өргөдлөө өгчхөөд улс төрийн албан тушаалд очсон. Зүй нь бол Ерөнхийлөгч өргөдөл өгсний дагуу гэсэн тайлбартай оруулж ирэх ёстой байтал улс төрийн албан тушаал давхар хашсан гэж улстөржүүлж оруулж ирсэн нь буруу.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.