Өнөөдөр АТГ-ын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар нар АТГ-аас энэ сард хийсэн ажлуудынхаа талаар товч мэдээлэл хийлээ.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү “Өнгөрсөн сард АТГ-аас ХУД, МХЕГ, АТҮТ зэрэг байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр АТҮТ-өөс олгодог улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийг олгох явцад хүнд суртал үүсгэж, чирэгдэл үүсгэдэг байсныг тогтоож уг асуудлыг арилгах зөвлөмжийн Зам тээврийн хөгжлийн сайдад хүргүүллээ.
Мөн ХУД-ийн газрын албыг шалгахад зориуд хүнд суртал үүсгэж иргэдийг чирэгдүүлж байгааг илрүүлж Нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүллээ. Хан-Уул дүүргийн Газрын албанд 2018 оны байдлаар газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгуулахаар иргэн, аж ахуйн нэгжээс 101 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 43 газар эзэмших гэрчилгээний хугацааг сунган шийдвэрлэж, 58 өргөдлийг тодорхойгүй шалтгаанаар шийдвэрлээгүй. Тус дүүргийн Газрын албанд 2018 онд газар эзэмшүүлэх эрх шилжүүлэхээр хүсэлт гаргасан нийт 387 иргэн, аж ахуйн нэгж байна. Үүнээс 229 хүсэлтийг шийдвэрлэж, 158 хүсэлтийг Засаг даргын захирамжийн төсөлд ороод хүлээгдэж байгаа гэсэн шалтгаанаар шийдвэрлэхгүйгээр хүнд суртал чирэгдэл үүсгэж байсан нь илэрсэн.
АТГ-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу ажиллах үед тус аймгийн цэцэрлэгүүд жилд дунджаар 30-120 сая төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээгээр хийсэн, эцэг эхчүүдээс 132.8 сая төгрөгийн хандивын хууль бусаар авсан болох нь тогтоогдсон.
Авлигын эсрэг хууль заасны дагуу төрийн албан хаагчдын ХОМ-ийг олон нийтэд мэдээлж байгаа. Энэ явцад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт, “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр, Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа, Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Батбаяр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн байсан нь тогтоогдлоо.
Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны дөрөвдүгээр сард гэмт хэргийн шинжтэй 72 гомдол, мэдээлэл хүлээн авч хянан үзсэнээс 25 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 31 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 56.9 хувьтай байна.
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж хахууль авсан гэх хэрэг, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д нь иргэний хэрэг шийдвэрлэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас хахууль авсан гэх хэргүүдийг шалгаж шүүхэд шилжүүлсэн” гэв.
-Кёкүшюзан Д.Батбаярыг бусдаас их хэмжээний мөнгө залилсан асуудлыг шалгаж байгаа юу?
-Кёкүшюзан Д.Батбаяртай холбоотой гомдлыг хүлээн авч шалгахад залилан мэхэлсэн шинж илэрсэн тул хэргийн харьяаллыг тогтоолгохоор прокурорын байгууллагад шилжүүлсэн байгаа. Анх энэ хэрэгт төрийн албан тушаалтнууд оролцсон гэдэг мэдээлэл ирсэн боловч шалгах явцад албан тушаалтнууд оролцоогүй нь тогтоогдсон.
-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн шалгалт, шийдвэрлэлт яагаад удааширч байгаа вэ?
-Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхийн шатанд хянагдаад явж байгаа.
-ХОМ-ээ худал мэдүүлсэн албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцуулсан бэ?
-Долоон албан тушаалтанд цалинг бууруулах болон сануулах хариуцлага тооцуулсан.
-Нийслэлийн Засаг даргын байгаль орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өөрийнхөө эзэмшдэг компаниа ХОМ-тээ тусгаагүй нь илэрсэн. Ийм зөрчилд ямар хариуцлага тооцох вэ?
-Хөрөнгө орлоготойгоор холбоотойгоор Д.Мөнхжаргалыг шалгасан зүйл байхгүй. Нэг сарын цалинтай тэнцэхүйц зөрчил илэрбэл сануулах, зургаан сарын цалинтай нь тэнцэхүйц зөрчил илэрбэл цалинг бууруулах шийтгэл оноодог.
-Сангийн сайд асан Б.Болор болон Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат нарт “Кью Эс Си” ХХК-тай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэдэг үнэн үү?
-Энэ хүмүүсийг шалгаж байгаа.
-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг АТГ-аас шалгаж байгаад өнгөрсөн баасан гаригт УЕП-ын тушаалаар ЦЕГ-т хэргийг шилжүүлсэн гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн. Танайх Б.Хурц генералыг хэзээнээс шалгаж эхэлсэн бэ?
-Тухайн хэргийг 2018 оны арванхоёрдугаар сард хэрэг үүсгэн шалгаж байсныг Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уран зураг хулгайлсан гэх асуудлыг хэрхэн шалгаж байгаа вэ?
-Уран зургийг хулгайлсан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгагдаж байгаа.