АНУ-ын хилийн харуулын ажилтнууд энэ долоо хоногийн мягмар гарагийн өглөө Мексикийн хилийн ойролцоох Рио Гранде Валли тосгоноос ганцаараа төөрсөн гурван настай хүүг олжээ. Харуулын ажилтнуудыг олох үед хүү уйлж байсан хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн дамжуулснаар төөрсөн хүүгийн гутал дээр нэр, утасны дугаар бичсэн байсан ба эцэг эхийг нь олохоор Форт Браун хилийн байрлуу явуулсан гэжээ. Америкийн хил гаалийн ажилтнуудын таамаглаж байгаагаар хүү хулгайгаар хил давсан хэсэг бүлэг цагаачидтай хамт явж байгаад санамсаргүй байдлаар төөрч ганцаараа явж байхыг нь олсон байж болох юм.
Гурван настай хүү сайн ярьж чадахгүй учраас түүний эцэг эх гэр бүл, хамаатнуудыг хаана байгааг олох хүндрэлтэй гэж мэдэгдсэн байна. Гэр бүлийнхэн нь хүүгээ хайж хилийн харуул хамгаалалтын албатай холбогдох хүртэл хүүхэд асаргааны газарт байлгана гэжээ.
Мексикээр дамжиж Америк руу хулгайгаар нэвтрэх цагаачдын тоо буурахгүй байгааг энэ үйл явдал харуулж байна хэмээн албаныхан мэдэгдлээ. Даваа гарагт л гэхэд хил давах гэж байсан төв Америкийн 400 цагаачийг баривчлан саатуулсан байна.
Энэ жилийн эхний улирлын байдлаар Америкийн өмнөд ба баруун хилээр гарах гэж байсан 207,475 хүнийг илрүүлжээ. Тэдний 53,000 гаруй нь гэр бүлийн гишүүд байсан ба 8,975 нь хүүхдүүдтэйгэээ хил давахыг оролдсон байна.
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгогдсоноосоо хойш Мексикийн хилээр дамжин ирж буй хууль бус цагаачдыг зогсоох хана барихаа амласан ч Конгрессийн гишүүд түүнд шаардлагатай 5,7 тэрбум ам.долларын төсвийг батлахаас татгалзсан. Цагаач иргэд мансууруулах бодис, гэмт хэрэг, хүчирхийлэл дагуулан ирж байна хэмээн буруутгадаг юм.
Эх сурвалж: www.bbc.com