Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн рингэн дэх ээлжит тулаанаа ирэх тавдугаар сард хийхээр товлож байсан ч зургадугаар сард болж хойшиллоо. 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн боксын рингэнд анх гарснаасаа хойш “KING TUG” буюу Төгсөө маань 11 удаа тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд үүнээс 9-д нь өрсөлдөгчөө КО буюу хүнд цохилтоор ялсан билээ. Хамгийн сүүлд Н.Төгсцогт өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд WBC холбооны хагас хөнгөн жин буюу 57.2 кг-ийн дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө хоёр ч холбооны дэлхийн аварга болж байсан Доминиканы боксчин Клаудио Маррерог ялсан төдийгүй, IBO холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон.
Түүнийг WBC холбооны хагас хөнгөн жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин “Бага” Гэри Рассельтай тулалдана гэсэн хүлээлт үүсээд байсан юм. Гэвч “Мистер” хочит “Бага” Рассель энэ дөрөвдүгээр сарын 27-нд дэлхийн аваргын цолоо хамгаалах тулааныг Испанийн 33 настай боксчин, “The Sensation” хочит, цагтаа бас IBF холбооны дэлхийн аварга болж байсан, WBC-ийн чансаагаар жиндээ гуравдугаарт бичигдэж буй Кико Мартинезтай хийх тухай өмнө нь бид мэдээлсэн. Рассель-Мартинезийн тулаан ч мөн адил хойшлогдон тавдугаар сарын 18-нд Нью-Йоркийн Брүүклин дэх Barclays Center-т явагдахаар боллоо. Яг энэ ордонд манай тамирчин Н.Төгсцогт хамгийн сүүлд тулаанаа хийж, IBO холбооны дэлхийн аварга болсон билээ.