Өнөөдөр гамшгийн эрсдэлийн иж бүрэн сургуулилтыг улс орон даяар 111 цэг дээр зохион байгууллаа. Энэ үеэр иргэд дуут дохионы дуунаар байр, орон сууцнаасаа гарч ирж, тодорхойлсон цэгт цуглан, хамгийн түрүүнд бүртгэлээ хийлгэж, гамшгийн эрсдэлийн үед хэрхэх талаар сургалт, мэдээлэл, зөвлөгөө сонслоо.
Бидний сурвалжилсан Сүхбаатар дүүргийн 2-р хороо, “Аса цирк” дэх цэг дээр гамшгийн сургуулилт маш зохион байгуулалттай боллоо гэдгийг албаныхан онцолж байна. Хэдийгээр “бүртгэлийн ажилтан цөөн байна” гэсэн гомдол зарим нэг иргэдээс гарч байсныг эс тооцвол иргэд заавар зөвлөгөөгөө сонсоод, нүүлгэн шилжүүлэлтэд идэвхитэй хамрагдаж байв.
Сүхбаатар дүүргийн 2, 3-р хорооны оршин суугчдаас 250 иргэнийг Янзага зуслан руу нүүлгэн шилжүүлж, гамшгийн эрсдэлийн үед аюулгүй бүсэд очоод хээрийн нөхцөлд хэрхэн амьдрах дадлага сургуулилтыг зохион байгуулах юм.
Энэ сургуулилтын үеэр иргэдэд өгсөн хамгийн гол мэдээлэл бол гамшгийн үед Суу, Нуугд, Хүлээ! гэх зарчим баримтлах ёстойг ойлгуулсан юм. Түүний дараагаар аягагүй нөхцөлд хэрхэн аяга хийх, хэрхэн даарахгүй байх зэрэг гамшигийн эрсдэлийн анхан шатны мэдэгдэхүүнийг ч иргэдэд өгч, зарим нэг дасгал, сургуулилтыг бөөнөөрөө хийж, туршиж үзсэн юм.