СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Гамшиг нүүрлэсэн тохиолдолд Монголчууд бэлэн биш байгааг дараах сурвалжилга харуулав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

ШУУД: Гамшгийн үеийн иж бүрэн сургуулийн дадлага сургуулилалт эхэллээ

Гамшгийн үеийн иж бүрэн сургуулилт өнөөдөр 07.00-09.30 цаг Улаанбаатар хотод боллоо.  Энэ сургалтын гол зорилго нь газар хөдлөлтийн гамшиг осол нүүрлэсэн тохиолдолд иргэд өөрсдийн очих ёстой аюулгүй цэгээ мэдэж авах, уг цэгээс хань ижил, үр хүүхдээ олж авах байршлыг танин мэдүүлэхэд чиглэж байгаа гэдгийг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн С.Должинсүрэн хэллээ.

Эмээлтээс Хонхор хүртэлх зайд Улаанбаатар хотын тэхий дундуур дайрсан 53 кмын урттай хагарал үүссэнийг холбогдох мэргэжилтнүүд тогтоосон бөгөөд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг нүүрлэж болзошгүй нь гэдгийг анхааруулсаар байгаа юм.

Газар хөдлөлтийн гашуун зовлонг үзээгүй Монголын ард түмэн болзошгүй эрсдэлд бэлэн байгаа эсэхийг Нарантуул захын өмнөх аюулгүйн талбайд цугласан иргэдээс тодрууллаа.

Газар хөдлөлтийн гамшиг нүүрлэвэл та хамгийн түрүүнд юу хийхийг асуухад “Гэрээсээ гарч гүйх байхдаа. Юман доогуур орно. Даацын хананы дор л зогсоно. Барилга байгууламж байхгүй том талбай руу гүйнэ гэхчилэн хариулж байлаа.

Зарлан дуудах дохио танай гэрт хэр чанга тод сонсогдсон бэ хэмээн асуухад “Цонхоо онгойлгохоор сонсогдож байна билээ. Цонх хаалттай үед сонсогдохгүй байсан гэх хариултыг өгч байв.

Таныг ажлын байран дээрээ байхад газар хөдөллөө гэж бодьё. Та гэр бүлтэйгээ яаж уулзахаа мэдэж байгаа юу хэмээн асуухад “Сургууль руу нь очих байх. Гэр рүүгээ явна. Гар утас руу нь ярина гэх мэтчилэн хариулцгаав.

Зарлан дуудах дохионы дуугаар аюулгүй цэгт ирсэн иргэдийг бухимдуулсан асуудал нь бүртгэлийн ажил байлаа. Нарантуул захын өмнө талбайд ойролцоогоо 400 орчим ирсэн байх боловч тэнд бүртгэлийн ганцхан ажилтан ирсэн байлаа. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас ирсэн тухайн ажилтан ирсэн хүн бүрийг нэг бүрчлэн бүртгэж, албан ёсны хуудас дээр нь тамга тэмдэг дарах чиг үүрэгтэй байсан боловч тэгж чадсангүй. Тус ажилтны өмнө иргэд эхлээд дугаарлан үйлчлүүлж байснаа сүүлдээ эмх замбараагүй болж ширээтэй нь дайрч унагасан юм.

Иргэд хэлэхдээ “Энэ ажлыг хийж байгаа нь зөв. Гэхдээ зохион байгуулалт нь хангалтгүй байна. Улаанбаатар хотод 111 газарт цугларах цэгийг зарласан гэж байна. Зөвхөн энэ цэгт л гэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хаана байлгах юм, өвчтэй шархтай хүмүүст хаана тусламж үзүүлэх юм, цагдаа нь хаана байх юм, хоол унд идэж уух газар нь хаана байх юм, ирсэн иргэдийг хэн хаана бүртгэх юм гэх мэт бүх зүйл тодорхойгүй байна. Хэрвээ гамшиг осол болсон бол яах байсан юм. Хэсгийн ахлагч нар, байр орон сууцны СӨХ-д бүртгэх эрхийг нь өгөөд тэдгээр нь таних тэмдгээ зоогоод иргэдийг чирэгдүүлэхгүйгээр үйлчилсэн бол болох байсан. Бодитой гамшиг болсон бол энд маш их айж сандарсан хүмүүс ирнэ. Тэр хүмүүсийг бүр ч зохион байгуулж чадахгүй юм байна. Уг нь иргэд маш их идэвхтэй байна. Гол нь зөв зохион байгуулах ёстой байсан” гэлээ.

Өөр нэг иргэн “Бид энд бүртгүүлэх гэж ирсэн юм уу, амиа өгөх гэж ирсэн юм уу. Уг нь сувилагч нь цүнхээ үүрээд хороо хэсгийн ажилтнууд бүртгэлээ бариад ирэх байсан. Гэтэл тэгсэнгүй бөөн бужигнаан үүсгээд иргэдээ үймүүлж чирэгдүүлчихлээ. Энэ юун иргэний хамгаалалт харин ч бүр хүн амины хэрэг гарах нь байна шүү дээ” гэх зэргээр бухимдлаа илэрхийлж байв.

Үүний дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиход нөхцөл байдал мөн л ижил байлаа. Иргэдээс маш урт дараалал үүсгэн зогсоцгоосон байх бөгөөд бүртгэлийн ажилтан нь ирсэн хүмүүсийг бүртгэх бус авч ирсэн алга дарам цаасан дээр нь тамга даран явуулж байлаа.

Газар хөдлөлтийн гамшиг нүүрлэсэн тохиолдолд Монголчууд бэлэн биш гэдгийг энэхүү сургалт харууллаа. Харин цаашид энэхүү алдаагаа засах ажлыг маш яаралтай зохион байгуулж, иргэдээ сургах, чадавхжуулах, гамшиг эрсдэлийн үед бэлэн байх арга зүйтэй болгох ажлыг хийх шаардлагатай байгааг өнөөдрийн арга хэмжээ харууллаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.