Америкийн сансар судлалын станц НАСА-ын InSight төхөөрөмж Ангараг гараг дээр газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэнийг анх удаа илрүүлжээ. Энэ сарын зургааны өдөр буюу InSight төхөөрөмж Ангарагт газардсанаас хойш 128 дахь өдрөө газар хөдлөлтийг илрүүлсэн байна.
Дэлхий, сарнаас гадна хөрсний гадаргуу дээр чичирхийлэл бүртгэгдсэн нарны аймгийн анхны гараг Ангараг болж байгаа юм. Эрдэмтэд үүнийг гарагийн дотоод бүтэц хагаралдсанаас аль эсвэл солирын нөлөөгөөр донсолсон байж магадгүй гэж үзэж байна.
НАСА-ын илгээсэн InSight төхөөрөмж өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Улаан нүдэн гараг дээр газардсан юм. Уг төхөөрөмж Ангараг гарагийн дотоод бүтцийн зургийг авч, газар хөдлөлтийг илрүүлэх үүрэгтэйгээр аялалд гарсан. Ингэснээр Улаан нүдэн гарагийн дотоод бүцтийг судалж, дэлхийн дотоод бүтэцтэй харьцуулан судлах боломж эрдэмтдэд олдох юм.
Эрдэмтдийн сонирхлыг татаж байгаа өөр нэг зүйл гэвэл тухайн өдөр сарны гадаргуу дээр суурилуулсан Аполло мэдрэгчид газар хөдлөлтийн тухай мэдээлэл давхар бичигдсэн байна. Одон орон судлаачид 1969-1977 онд саран дээр Аполлогийн таван мэдрэгчийг суурилуулж газар хөдлөлтийн тухай олон мянган мэдээллийг илрүүлжээ.
Ангараг болон саран дээр байрлуулсан төхөөрөмжүүд газар хөдлөлтийг адилхан мэдэрсэн байгаад эрдэмтэд эргэлзэж байна. Газар хөдлөлтийн хүч 1,2 магнитуд байсан тул ойролцоогоор 100 км-т мэдрэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ мэтчилэн эргэлзээтэй зүйл олон учир мэдээллийг дахин лавлах хэрэгтэй гэдгийг эрдэмтэд санал болгож байна.
InSight хөлөг дэлхийн цагаар хоёр жил, Ангарагийн цагаар жил гаруйн хугацаад үүрэг гүйцэтгэнэ.
Эх сурвалж: www.bbc.com