“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030" салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн энэ сарын 26-ны өдөр Төрийн ордонд болох гэж байна. Өнөөдөр Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд зургаан сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага осол, гэмтлээс болж жилд 700 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг мэдээлжээ. Иймээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Тогтвортой хөгжлийн зорилт–2030”-д тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослын шалтгаант нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлж осол, гэмтэл гарахад нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөсөн.
Сүүлийн 20 жил Монгол Улсад уул уурхай, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, зам тээвэр, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа нь сайшаалтай ч нөгөө талаас үүнтэй зэрэгцээд байгаль орчин, нийгэм, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.
Монголд өдөр бүр дунджаар найман хүн осол гэмтлийн шалтгаанаар амь нас нь эрсдэж байгаа бөгөөд нас барсан нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд байна
2018 онд Улсын хэмжээнд осол, гэмтлийн өвчлөл 142,665 хүн, нас баралт 2920 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 28 хувиар, нас баралт 11 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Монголд өдөр бүр дунджаар найман хүн осол гэмтлийн шалтгаанаар амь нас нь эрсдэж байгаа бөгөөд нас барсан нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд байна.
Осол, гэмтлийн нас баралтын тэргүүлэх шалтгааны 1-рт санамсаргүй хордох,хорт бодист өртөх тохиолдол эзэлж үүний 88 хувь (726) нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас баржээ.
Манай улсын хүн амын 38 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь ирээдүйн манай улсын хөгжлийн гол нөөц тулгуур билээ. Гэтэл 2018 онд осол, гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна. Энэ нь НЭГ АНГИ-ийн хүүхдээс их байна.
Монгол Улсын Засгийн газраас 2002 оноос өнөөг хүртэл Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг шат дараатайгаар 17 жилийн турш авч хэрэгжүүлсэн ч осол, гэмтлийн тоо буурахгүй байгаа нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш, олон салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбооноос ихээхэн хамаардаг гэдгийг харуулж байна. Осол, гэмтлийн тусламж, үйлчилгээнд оношилгоо, эмчилгээний томоохон дэвшил гарч, цаг алдалгүйгээр тусламж, үйлчилгээг хүн амд чанартай сайн үзүүлж байгаа хэдий ч дараах нөхцөл байлаас болж, осол, гэмтэл буурахгүй байна. Үүнд:
Хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж барих, хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөхдөө эрүүл аюулгүй байдал, барилгын норм, нормативын шаардлагыг мөрдөөгүйгээс, Хүүхдийг бага наснаас нь эхлэн өөрийгөө болон бусдыг осол гэмтлээс сэргийлэх, хамгаалах талаар эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлээгүйгээс, эцэг эх, асран хамгаалагчид, гэр бүлийн үүрэг хариуцлага, хайхрамжгүй байдлаас, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүйгээс хүн амын амь нас, эрүүл мэнд хохирсоор байна.
Осол, гэмтлийг амжилттай бууруулж чадсан олон улсын туршлагаас харахад үндэсний хэмжээний нэгдсэн удирдлага зохион байгуулалт, төлөвлөлт, хамтын ажиллагаа, уялдаа холбоо, хүчирхэг хууль дүрэм, түүний хэрэгжилт, гэр бүл, эцэг, эхийн хариуцлагатай байдал, тэдний хүүхдээ эрсдэлээс хамгаалах дадал, чадвар, иргэдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг цогц арга хэмжээний үр дүнд зуу зуун мянган хүний амийг аврах боломжтой байна.
Уг зөвлөгөөнөөр осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд салбаруудын үүрэг оролцоог тодорхой болгон, хамтдаа асуудлыг шийдэх шийдэлд хүрч, Осол, гэмтлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ЗАХИРАМЖ гаргаж Засгийн газрын гишүүд, Бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. Уг захирамжид Осол, гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах Үндэсний Зөвлөлийг байгуулж ажиллахаар боллоо.