УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр Сангийн яамнаас танилцуулсан Төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх зургадугаар сард болох Хэнтийн нөхөн сонгуулийн талаар байр сууриа илэрхийллээ.
-Төсвийн хүрээний мэдэгдлийн талаар бидэнд одоохондоо мэдээлэл ирүүлээгүй байна. Баахан л сайхан төсөв ярьж гишүүдийн толгой угаадаг. Гишүүд нь ч ойлгохгүй байсаар өнгөрдөг.
2015 онд Засгийн газрын өр 16.5 их наяд байсан. Харин 2019 онд 22.8 их наяд болсон байна. Гэтэл Сангийн сайд төсвөө хэмнэсэн, хянасан төсөв гэж шал худал ярьдаг. Ингэж худал ярихын оронд 5 тэрбумын өр тавьж юу хийснээ тайлагнах ёстой.
Эд нар эдийн засгийн заль хэрэглэж, хэзээ ч мөнгөн дүнгээр ярихгүй, хувиар ярьж төөрөгдүүлж байна. ДНБ-ний 78 хувьтай тэнцэж байгаа өрийг 58 хувьтай тэнцүүлэх ямар ч боломж байхгүй. 2020 оноос маш их өр төлөгдөнө. Гэтэл хуримтлал бий болсон уу, байхгүй. Одоо энэ попролоо болих хэрэгтэй.
-Танай нам Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх эсэхээ шийдсэн үү?
-Хуулийн хугацаа нь 05-р сарын 1. Түүнээс өмнө нэр зарлана. Мэдээж бид нөхөн сонгууль яригдаж эхлэх үeэс л оролцоно гэдгээ мэдэгдэж байсан. Нэр дэвшигчээ хараахан тодорхой болгоогүй байна.