Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын анхны албан ёсны дээд хэмжээний уулзалт маргааш буюу пүрэв гарагт болно гэж Кремлийн ордноос мэдэгдлээ. Ким Жон Ун Оросыг зорин замдаа гарсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Удирдагч Ким хувийн галт тэргээрээ аян замдаа гарсан ба дээд хэмжээний уулзалт Номхон далайн эргийн орчимд Владивостокт эхэлнэ гэж Кремлийн ордон танилцуулжээ. Түүнчлэн дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэнэ гэв.
Олон улсын ажиглагчдын зүгээс Ханойн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтэж Ерөнхийлөгч Дональд Трамптай зөвшилцөлд хүрч чадаагүй учраас умардын удирдагч Оросын Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсч байна хэмээн харж байна. Удирдагч Ким Путины тусламжтайгаар Америкийн засгийн газарт дарамт шахалт үзүүлж эдийн засгийн хоригийг цуцлуулна гэж найдаж байгаа тухай CNN агентлаг дамжуулжээ. Гэхдээ Трампын зүгээс Умард Солонгос улс цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрт бүрэн буулт хийх хүртэл эдийн засгийн хоригийг цуцлахгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
Владимир Путины гадаад бодлогын зөвлөх Юри Ушаков “ойрын саруудад Солонгосын хойгт байдал тогтвортой байна. Оросын зүгээс боломжтой бүх замаар туслахад бэлэн” хэмээн мэдэгджээ.
Пхеньяны төв телевиз уулзалтын тов, газрын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч баталгаажуулаагүй ч Владивостокын Русскы аралд хоёр улсын туг далбааг мандуулсан байна. 2011 онд Кимийн эцэг Ким Чен Ир Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевтэй уулзаж байсан юм.
Хоёр сарын өмнө Вьетнамын нийслэл Ханойд болсон Америк, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтаар зөвшилцөлд хүрч чадаагүйд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог буруутгаж, түүнийг цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээрээс бүрмөсөн хасахыг Пхеньяны зүгээс шаардсан билээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com