СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-24

Ж.Лувсандандар: Эрдэнэбүрэнгийн УЦС ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад орно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Мөнхтунгалаг

Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн удирдагч Ж.Лувсандандартай ярилцлаа.

-“Эрдэнэбүрэнгийн УЦС” төсөл олон жил яригдаж байгаа. санхүүжилт эцэслэн шийдэгдэв үү. энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. төслийн ажил ямар шатандаа явна вэ?

­Өмнөх Засгийн газрын тогтоолоор концессын гэрээгээр барих шийдвэр гарсан байсан. Концессын гэрээгээр барих шийдвэр гаргаад тухайн үеийн Үндэсний хөгжлийн газраас тендер зарласан. 10-аад компани энэ ажлыг хийе гэж орж ирсэн боловч нэгдүгээрт, хөрөнгө оруулаад барихад худалдах, худалдан авах үнэ тодорхой бус, хоёрдугаарт, ТЭЗҮ нь арван жилийн өмнө хийгдсэн учраас эрсдэл хүлээж чадахгүй юм байна гэдгээ компаниуд илэрхийлсэн учраас үндсэндээ төсөл концессын гэрээгээр явах боломжгүй болсон. Хоёрдугаарт, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сард газар дээр нь очиж танилцаад 2018 оны тавдугаар сарын 30-ны Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Хятадын хөнгөлөлттэй зээлд оруулах тогтоол гаргасан. Үүний үр дүнд Хятадын хөнгөлөлттэй зээлээр шийдэгдэх шатанд явж байна. Хятадын талаас тавьж байгаа шаардлага нь арван жилийн өмнө хийсэн ТЭЗҮ-­гээ шинэчлэх хэрэгтэй, тэгж байж манай шаардлагыг хангаж “Эгзим“ банкнаас хөнгөлөлттэй зээл гаргуулж болно гэсэн албан бичиг ирүүлсэн.

Одоо бол ТЭЗҮ-­гээ шинэчлэн боловсруулах ажил явагдаж байна. Наймдугаар сар гэхэд дуусчих байх. Ингээд яам хоорондын гэрээ, хэлцлийн асуудал яригдаад ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд барилгын ажил эхлэх байх.

-Төслийн нээлт албан ёсоор ирэх оны дөрөвдүгээр сард болно гэж ойлгож болох уу?

­Тэгж ойлгож болно. Энэ онд багтаж гэрээ хэлцэл, ТЭЗҮ гэх мэтээ боловсруулаад дуусна. Ингээд ирэх оны дөрөвдүгээр сард газар шорооны ажлыг эхлүүлэх зорилго тавиад ажиллаж байна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах сэжигтийн хавцал бол Монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг. Станц баригдсанаар загасанд сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой гэдгийг загас судлаачид болон зарим судлаачид ярьж байна. энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

­Сая бид ТЭЗҮ хийж байгаа компанийнхантай хамтран Ховд их сургуулийн багш, мэргэжилтнүүд болон байгаль орчны газрынхантай нь уулзсан. Зураг төслөөр бол Сэжигтийн хавцлаас дөрвөн км-ийн зайд станц баригдах юм. Хоёрдугаарт, байгаль орчны мэргэжилтнүүдийн санал бодлыг Хятадын талынханд танилцуулж тэдэнтэй уулзуулж мэдээллийг нь дамжуулсан. Тэгэхэд зураг төсөлд Сэжигтийн хавцал дахь загасны гол цэгийг хөндөхгүй, байгалиар нь үлдээнэ. Байгалийнх нь унаган хэв маягаар нь үлдээнэ гэсэн байгаа.

Хоёрдугаарт, эрдэмтдийн хэлж байгаа нь Хар-­Ус нуураас загас гарч Сэжигтийн хавцлын наад талын боргион дээр түрсээ шахчихаад буцаж Хар-­Ус нуур руугаа ордог. Сэжигтийн хавцал хүрдэггүй гэсэн мэдээлэл өгч байсан. Гэхдээ бид боомт дээр ямар нэгэн байдлаар загас аюулгүй өсч үржих аквариум хийнэ. Төсөлдөө ч тусгана. Хоёр дахь асуудал нь ТЭЗҮ­-г шинэчлэн боловсруулсны дараа хуулиар байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой байдаг. Одоо бол ТЭЗҮ­тэй цуг төлөв байдлын судалгаа, ерөнхий үнэлгээ хийгдэнэ. Үүний дараа ТЭЗҮ бүрэн албажаад гараад ирэхэд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэх ёстой байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын тал байгаль орчны асуудлаа бүрэн мэдэж зохицуулах ажил хийнэ. Тэр үед нь загас судлаачид, байгаль орчны нарийн мэргэжилтнүүд төслийн багт орж ажиллана. Бидний хувьд Ховд их сургуулийн багш, эрдэмтэдтэй байнга холбоотой ажилладаг. Тэдний хувьд ч мөн загасны тухайд олон жил хийсэн судалгааны ажил дээрээ үндэслээд оролцоно гэдгээ илэрхийлсэн. 

-Иргэд УЦС барихаар хямд буюу ихээхэн үнэгүй тог цахилгаан хэрэглэнэ гэж ойлгоод байдаг. Гэтэл бид стратегийн гэж нэрлээд үнэ дээр яримааргүй байна. Яагаад гэвэл, дөрвөн ам бүлтэй айл байлаа гэхэд гар утсандаа сардаа 30-40 мянган төгрөгийн нэгж, дата зарцуулаад явдаг. Утсандаа ийм байдлаар зарцуулчихдаг байж эрчим хүч хэрэглэсэн төлбөр нь энэ хэмжээнд гарахаар өндөр байна гэдэг. Манайд хэрэглэгдэж байгаа эрчим хүчний үнийг дэлхийн үнэ ханштай харьцуулбал ихээхэн бага.

-Төсөл хэрэгжсэнээр хамрах хүрээг зөвхөн баруун гурван аймагт хамааруулж ойлгох нь өрөөсгөл хэмээн тайлбарлаж байсныг тань сонсож байсан. энэ талаар?

­Үүнийг ярихаас өмнө нэг асуудал байгаа. Оросууд болохоор манай голоос урсаад орж байгаа усаар өчнөөн цахилгаан гаргаж үйлдвэрлээд ашиглаж болдог, Монгол ашиглаж болдоггүй болчихоод байгаа юм. Хилийн усны хэлэлцээр гэж ийм ярвигтай зүйл дээр манайх тулчихаад байдаг учраас Орхон, Эгийн голоо ашиглаж чадахгүй байгаа юм.

Монголчууд ингэхээр өөрийн том голууд дээрээ барьж болохгүй бол “эх оронч” голууд дээрээ яаж барьж болох вэ гэсэн судалгааг яамнаас дэвшүүлсэн. 11 жилийн өмнө Завхан голоо түшиглээд УЦС барьсан. Хэдий суурилагдсан чадал бага боловч тухайн бүс нутгаа хангах хэмжээний ажиллаад байж болохыг бид харж байна. Одоогоор манай баруун гурван аймаг Оросоос эрчим хүчний тухайд 80­аад хувийн хамааралтай байдаг. Хятадаас авч байгаа гурван сум байгаа. Ингээд Дөргөний УЦС ажиллаж байна. Ингэхээр эрчим хүчний хараат ийм газар нутагт ямар юмны хөгжил яригдаж үйлдвэрлэл, үйлчилгээ явагдах вэ дээ. Хоёрдугаарт, Завхан, ГовьАлтайг хангадаг ганц Тайширын УЦС байдаг. Улирлын чанартай ажилладаг цөөн хэдэн станц байна. Ингэж л тог цахилгаантайгаа залгаж байгаа нөхцөл байдалтай байна. Шинэчилсэн ТЭЗҮ­гээр 64 МВТ гэж байсныг технологийн шинэчлэл хийгээд 90­-100 МВТ болгох боломжтой гэдгээ хятадын мэргэжилтнүүд хэлсэн. Энэ нь баруун таван аймгийг эрчим хүчний бие даасан байдалтай болгоод оргил ачааллын үед төв рүүгээ дамжуулах боломжтой болж байгаа гэсэн үг.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

­Тийм. 64 МВТ чадлыг 100 болгож өсгөж байгаа юм. Ингэснээр баруун таван аймаг цахилгаанаар хангагдаж байгаа юм. Мөн төслийн үр ашгийг нэмэгдүүлж оруулсан хөрөнгө оруулалтаа бага хугацаанд олж авах боломж бүрдэж байгаа юм. 2008 онд 64 МВТ­ыг хийчихээд орхисон шалтгаан нь сэвсгэр хөрсний давхарга гэж байдаг. Тэр нь газрын хөрснөөс доош 40­-50 метр болоод боомт, станц барих хөрөнгө өндөр гарснаас орхисон байдаг. Одоо бол стратегийн хувьд бид төвийн бүс нь Оросоос хамааралгүй болж чаддаггүй юм бол баруун талаараа хамаарлаасаа гаръя гэдэг бодлогоор ажлыг эхлүүлж байна. Энэ бодлого Эрчим хүчний яамны дунд хугацааны бодлогод орсон байгаа. Ийм учраас Эрдэнэбүрэнгийн УЦС­-ыг энэ засаг өмнөө дэвшүүлсэн том зорилт болгоод ихээхэн дэмжиж байгаа. Хөрөнгийн эх үүсвэр нь шийдэгдчихлээ шүү дээ.

-Ховд голоо түшиглэн цахилгаан станц байгуулах нь голын урсгалыг татраах эрсдэлтэй юү. ховд гол хар-ус нуурыг тэжээдэг. гэтэл энэ нуур маш гүехэн. станц бариад голын усыг багасгахгүй байж чадах болов уу. хэрвээ ус багасвал хар-ус нуур ширгэх аюул бий. Ер нь байгаль экологид учирч болзошгүй эрсдлүүдийг төслийн зүгээс, та бүхний зүгээс урьдчилан тооцож байгаа юу?

­Ер нь усан цахилгаан станц барьж байгуулах үед хүмүүст нийтлэг ийм буруу ойлголт үүсчихдэг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр энэ нь тодорхой гарч ирнэ. Тайширын УЦС­-ыг барьж байхад байгалийн ган гачиг тохиолдоод иймэрхүү хэл ам их гарсан. Эрээн нуурыг ширгээчихлээ гэж хүртэл ярьсан. Сүүлд Тайшир энгийн горимоор ажиллаад эхэлтэл Эрээн нуурын усны төвшин өндөр төвшиндээ хүрсэн байдаг. Мэдээж барилгын ажил эхлээд явахад сөрөг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гараад ямар ямар урьдчилан сэргийлэх ажил хийх вэ гэдгийг нь тусгачихдаг учраас энэ асуудал дээр ноцтой эрсдэл гарахгүй болов уу гэж хэлмээр байна. Мэдээж хамгийн гол нь гол, нуураа ширгээхгүй, нутаг оронд нь идээшсэн ан амьтан, загас, зэргийг үргээхгүй байх талын бүх ажлыг хийнэ. 

-Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар иргэдэд ямар боломж бий болох вэ. Цахилгааны үнэ хямдрах уу?

­Иргэд УЦС барихаар хямд буюу ихээхэн үнэгүй тог цахилгаан хэрэглэнэ гэж ойлгоод байдаг. Гэтэл бид стратегийн гэж нэрлээд үнэ дээр яримааргүй байна. Яагаад гэвэл, дөрвөн ам бүлтэй айл байлаа гэхэд гар утсандаа сардаа 30­-40 мянган төгрөгийн нэгж, дата зарцуулаад явдаг. Утсандаа ийм байдлаар зарцуулчихдаг байж эрчим хүч хэрэглэсэн төлбөр нь энэ хэмжээнд гарахаар өндөр байна гэдэг. Манайд хэрэглэгдэж байгаа эрчим хүчний үнийг дэлхийн үнэ ханштай харьцуулбал ихээхэн бага. Хоёрдугаарт, энэ станцыг чинь босгох гэж, эрчим хүчний найдвартай байдлыг хангах гэж нэлээд хэмжээний мөнгө зарцуулдаг. Гаднаас зээл ч авдаг. Тэгэхээр энэ өртөгөө олохын тулд бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн юм чинь тухайн үеийнхээ жишгээр ард түмэндээ зарж зардлаа олж авна шүү дээ. Гаргасан зардал мөнгөө олоод авсны дараа үнийн хэлбэлзлийг зохицуулах хорооноос шийдэж өгч тариф тогтоодог. Юмыг үнэгүй авах гэдэг ойлголтоосоо монголчууд салах хэрэгтэй. Хамгийн гол нь баруун таван аймагт үйлдвэрлэл хөгжихгүй байна. Энэ нь судлахаар тог, цахилгааны хараат байдалтай шууд холбоотой байгаа юм. Жил бүр цахилгааны үнэд өөрчлөлт орж байдаг, томоохон үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бааз суурь байхгүй. 

-Ажиллах хүчний хувьд орон нутгаас хангах уу, эсвэл хөрөнгө оруулагч тал ажилчдаа оруулж ирж барих уу?

­Өмнөх туршлагаас харахад, Засгийн газар квот гаргаж ТЭЗҮдээ тусгах байх. Станцыг хэдэн хүн барьж байгуулах юм, хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ гэдэг нь тодорхой болно. Засгийн газрын квотоор тодорхой хэмжээний хятад мэргэжилтнүүд ажиллах хүчээр орж ирэх болов уу. Мэдээж орон нутгаас ажиллах хүч авна. Одоогоор тодорхой тоо хэлэхэд эрт байна.

-Усан цахилгаан станц ашиглалтад орсноор хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ?

­60-­80 хүнийг ажлын байраар хангана гэсэн ерөнхий тооцоололтой байгаа.

-Тухайн станц баригдсанаар хөрөнгө оруулагч тал нь эзэмшигч гэгдэх юм уу, монголчууд эрдэнэбүрэнгийн УЦС-аа харж хамгаалаад явах юм уу?

­Хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн хүрээнд барьж байгуулж байгаа ажил. Хэдий Хятадын хөрөнгө, хүн хүчээр барьж байгуулж байгаа хэдий ч эзэмшээд цаашид аваад явах нь монголчууд. Хувийн хөрөнгө оруулалт, концесс биш шүү дээ. Үүн дээр санаа зовох юу ч байхгүй. Дөргөн, Тайширын УЦС-­ыг барихад монголчуудад туршлага, бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй байлаа. Тухайн үед Турк, Хятадад 45 хоногоор хүмүүсээ явуулж бэлтгэж байсан бол өнөөдрийн тухайд бид туршлагажсан. Эрдэнэбүрэнгийн УЦС дээр шинээр авах инженер техникийн ажилтнуудаа Тайшир, Дөргөний УЦС дээрээ дадлагажуулаад авах боломжтой болсон. Хоёрдугаарт, ганц эрчим хүчиндээ биш юм. Дэлхийн дулааралтай холбоод үзэхэд үр ашиг нь тодорхой харагдана. Бид чинь ус багатай улс. Усаа нөөцөлж, хүлэмжийн хийг бууруулахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ хэмжээний цахилгаан үйлдвэрлэхэд ямар хэмжээний нүүрс түлэх байсан бэ гээд бодохоор үр ашиг нь тодорхой харагдана.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.