Б.Цэнд-Аюуш
Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны анхны айлчлалаа БНХАУ-аас өнөөдрөөс эхлүүллээ. Тэрбээр өмнө нь ажлын айлчлалаар ОХУыг зорьж байсан удаатай. Тэгвэл энэ удаа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар энэ сарын 24-25-нд тус улсад төрийн айлчлал хийх юм. Энэхүү айлчлал нь хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх үед тохиож буйгаараа онцлогтой. Хятад Улс манай улсын түүхий эдийн гол экспортлогч бөгөөд гадаад худалдааны 66 хувийг дангаараа бүрдүүлдэг. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрч, манай улсын нийт экспортын 92.5 хувь, импортын 34.1 хувь тус улсад ногддог байна. Эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хоёр улс хамтран дэвшүүлээд байгаа.
Үүнээс гадна 1990-2017 хүртэлх хугацаанд манай улсад БНХАУ-ын зүгээс 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногджээ.
Сүүлийн жишээ гэхэд л Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд тус улсад айлчлахдаа хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг шийдвэрлэсэн. Харин Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хоёр улс харилцан ямар шийдвэр гаргах нь олны анхаарлын төвд байна. Түүнчлэн айлчлалын дараа Ерөнхийлөгч “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцоно гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Энэ талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин захидалдаа “Нэг бүс нэг зам” санаачилга нь Монгол Улсын хөгжилд алтан жигүүр ургуулах болно гэдгийг дурдсан байна. Тэрбээр “Олон улсын хүрээнд “Нэг бүс нэг зам” санаачилгын тухай адил бус ойлголттой байна. “Нэг бүс нэг зам” санаачилга нь геополитикийн багаж хэрэгсэл, зарим улс орнуудад өрийн дарамт учруулж мэднэ гэж зарим хүмүүс үзэж байна.
Энэ нь “Нэг бүс нэг зам” санаачилгын талаар үнэн бодит танилт дутмаг эсвэл буруу ойлголттой байгаагаас үүдэлтэй. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван Игийн хэлсэнчлэн “Нэг бүс нэг зам” санаачилга нь бусдыг өрийн дарамтад оруулдаг “харанхуй нүх” биш, харин “шалбан” болох бөгөөд геополитикийн багаж хэрэгсэл биш харин хамтдаа хөгжих боломж мөн. “Нэг бүс нэг зам” нь эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга, бид бүгд эрх тэгш оролцогч, хувь нэмэр оруулагч, үр ашгийг нь хүртэгч болно. “Нэг бүс нэг зам” нь нээлттэй, хүртээмжтэй байдаг. Геополитикийн мөрийцсөний талбар биш, хэн нэгнийг гадуурхах бүлэг эвсэл ч биш. Бусдын дургүй зүйлийг түүнд хүчээр тулгах үйлдэл хийхгүй. Үнэн хэрэг уран хоншоорыг ялна гэдэгчлэн “Нэг бүс нэг зам”ын бүтээн байгуулалтын үр ашгийг оролцогч нар л сайн мэдэрнэ” гэжээ.
Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд Монголын талаас 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, 2014 онд УИХын дарга асан З.Энхболд, 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Хятадад айлчилсан байна. Харин Хятадын талаас 2014 онд Улсын дарга Ши Жиньпин, 2018 онд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар манай улсад айлчилжээ. БНХАУын дарга Ши Жиньпин 2014 онд манай улсад төрийн айлчлал хийх үеэр Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарлаж байв.