СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИДНИЙ ХАЙРТАЙ ПОП-чид /фельетон/

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Фельетонч Г.Баясах
5 жилийн өмнө

 

"Миний эх орон ПОП-чдын өлгий нутаг билээ" гэх үг цахим орчинд трэнд болжээ

Энэ ч аргагүй. Учир нь одоогийн төр засгийн удирдлагууд маань түмэн олны амьдралд наалдахуйц ажил хийхээс илүүтэй ард түмэнд таалагдах арга хэлбэр зохион гаргаж, түүнийгээ аль болох сонирхолтой, сүртэй, олны анхаарлыг татахуйц хэлбэрээр "жүжигчлэн тавих" нь илүү оноо авч байгаа тул ПОП-рох хэмээх өндөр үр дүнтэй ажиллагаа руу их багагүй шууран орцгоожээ. Тэднийгээ буруутгах аргагүй юм. Учир нь ПОП улс төрчид маань бидний амьдралын баяр баясгалан билээ...

Хамгийн сүүлчийн жишээ буюу хотын дарга С.Амарсайхан

Тэрбээр Сүхбаатарын талбайн тэг голд өнөөдөрхөн очиж зогсоод, чанх урагшаа зааж байгаад "Төв талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB construction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа" хэмээн хөмсгөө зангидан, нударгаа зангаж байгаад мэдэгдэв.

Гэвч ПОП-рох ажиллагааг мэддэггүй зарим нэг хүн “Газар цуцлах захирамжийг цаасаар гаргавал хүчин төгөлдөр болохоос талбай дээр зарлаж хийдэг ажээ” хэмээн жиргэж байгаа харагдана лээ. За тэр ч яахав. Үүний өмнөхөн хотын дарга маань Туул голын бургасыг хядсан “Зүүнбаян рефайнери” гэх компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа хэмээн өндөр өнгө тооноор утга төгөлдөр мэдэгдсэн ч учир мэдэхгүй, ПОП-ыг ойлгодоггүй хэсэг нөхөд төрсөн ахынхаа компанийг хүртэл хамрууллаа хэмээн жиг жуг хийж харагдана лээ... 

Өмнөх жишээ буюу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ бол энэ цагтаа тодорч, ирээдүйд цахиур хагалах, ард түмний хайртай ПОП-чин билээ. Тэрбээр нэг сарын өмнө Төрийн ордонд сэтгүүлчдийг камертэй нь дуудаж нэгэн нууцыг чимээтэйхэн дэлгэсэн нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бус замаар худалдан авсан “Нууц санхүүгийн схем” гэгч.

Гэвч энэ мэдээллийг нь Монголын зэс корпорацийнхан буюу ХХБ-ны удирдлагууд “Аль эрт нууцын зэрэглэлээс гарч, ил болсон тэмдэглэл” хэмээн унтраав...

Хөөрхий тэд эд хөрөнгөө алдаж, Эрдэнэт үйлдвэрээс хөөгдсөн тул ПОП ажиллагааны мөн чанарыг мэдсэн ч мэдээгүй мэт царайлж гүрийсэн биз ээ...

Дараагийн жишээ буюу дахиад Л.Оюун-Эрдэнэ

Нууц “Санхүүгийн схем” гэгчийг задалсны маргааш нь ард түмний хайртай хүү Л.Оюун-Эрдэнэ аймаар их машин тэрэг дагуулж, арав хорин сэтгүүлчийг /байнга дэргэд нь байх ёстой/ камертай нь цуглуулан, цуваа үүсгээд хамтаар Эрдэнэт хотыг дайлаар мордсон...

Тэрбээр Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай Онц байдлын дэглэм тогтоох ПОП ажиллагааг зүгээр нэг Төрийн ордонд мэдэгдэл хийсэн болж өнгөрөөх нь хангалтгүй гэдгийг мэдэрснээс харвал үнэхээр ирээдүйтэй ПОП-чин мөн. Газар дээр нь очиж ганган ПОП-рох нь зөв хэмээн ард түмэн нь ч алга ташиж байлаа...

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт Онц байдлын дэглэм тогтоосноос хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн ч олон нийтэд ил болсон ганц мэдээлэл нь гэвэл тус үйлдвэрийн 49 хувийн талыг төлөөлж байсан найман албан хаагчийг өрөөнөөс нь “хөөж”, лацдаж ломбодсоноос өөр тодорхой мэдээлэл байхгүй л байна.

Харин дараа нь хяналтгүй болсон "Эрдэнэт" үйлдвэрийн Эрсдэлийн сан гэгчээс 40 сая ам.доллар гаргаж, улс төрчдийн халаасыг зузаатгадаг Ш.Батхүү гэгчийн "Стандарт" банкинд тавьсан өрийг дарна лээ.

За тэр ч яахав... ПОП ажиллагаанд угаасаа үр дүн чухал биш. Тухайн үеийн ард түмний алга ташилт л чухал байдаг хойно...

Харин энэ удаагийн ПОП ажиллагаа нь хууль зөрчсөн байж магадгүй гэх таагүй мэдээлэл хальт гарна лээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэж "их мэдэгч нөхөр" "БНМАУ-ын бага хурлын тогтоолыг хоёр дахь удаагаа Засгийн газар хэрэглэж байна. Энэ өөрөө үндсэн хууль зөрсөн үйлдэл мөн” гэж хэлчихсэн. Тэр ч жижиг хэрэг биз дээ.

Угаасаа Л.Оюун-Эрдэнийн ПОП ажиллагааны багш У.Хүрэлсүх ах нь энэ удаагийн ажиллагааг зурагчлан зааж зөвлөөд, моринд нь мордуулсан юм чинь "Ах нарын мэдэх хэрэг"... 

Хөгжлийн банкны шалгалт буюу ПОП ажиллагааны дутагдал

Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн тусгай ажиллагааныхаа дараа барьж авсан ПОП сэдэв нь Хөгжлийн банк байлаа. Төрийн албаныхны халаасыг зузааруулдаг тус банкны шалгалтаар хэн хэдэн төгрөг идсэнийг зарлаж, аль болох олон хүнийг "аавын хаалга" руу түлхэж оруулбал ард түмэн алга ташихаар зэхэж байлаа. Гэвч таг чиг болчихсон...

Бодвол энэ ПОП ажиллагаа бүтээгүй байх. Зарим нэг атаархсан хүний хэлж буйгаар бол ПОП ажиллагааны багийн гишүүн УИХ-ын гишүүн Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ гэгч нөхөр Хөгжлийн банкны тамгын газрын даргаар олон жил ажиллаж, хүний өөрийн гэлтгүй нөхдийн ар талыг дааж байсан тул шалгалтын дүн хэн хэндээ гай болох нь гэсэн дүгнэлтэд хүрсэн гэлцэх юм билээ. За энэ ч яахав. Угаасаа бүх ПОП ажиллагаа алга ташуулдаггүй хойно доо...

Байнгын ПОП буюу Ерөнхий сайд У.Хүрэлсүх 

Манай улсын хамгийн том ПОП-чин буюу хамгийн том дарга бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр ард түмэнд аймаар их таалагддаг. Намынхаа хурал дээр сууж байгаад өөрт нь таалагдахгүй шийдвэр гарах гээд байвал гялс хурлаас гараад сэтгүүлчдийг дуудаад "Намын эгэл жирийн гишүүдийг доромжиллоо эд нар. Сонгуулиар ясаа цайтал ажилласан намынхаа гишүүдийнхээ төлөө би үсээ цайтал тэмцэнэ" гээл мэдэгдчихнэ. Сонгуулиар намынхаа төлөө ажиллаагүй гишүүд ч гэж юу байхав. Бүгд шууд таалаастай...

Хамгийн сүүлд тэрбээр Эр цэргийн баярын өдрийг тохиолдуулан Судан улсад алба хааж байгаа Монгол цэргүүд дээрээ очоод ирсэн. Ямар гоё гоё ПОП зургууд авахуулсан гээч.... Даанч орчин цагаа мэдэрч, ПОП ажиллагааг ойлгодоггүй хэсэг хүмүүс “цэргийн баярын шоу хийх гэж төсвийн мөнгөөр тансаглалаа” гэж шүүмжилж харагдана лээ.  

Үгүй яахав дээ. Эрхэм Ерөнхий сайд маань Суданд очиж онцын ажил хийгээгүй ч ганц сайхан зураглал хийгээд ирсэн нь үнэн. Суданд цэргийн алба хааж буй хүү дээр нь аавыг нь албаны онгоцоор “нуун” авчирч, гэнэт уулзуулж, баярлуулснаас үүдэн хичнээн хүний сэтгэл догдолж, нулимс гарсан гээч. Энэ чинь том амжилт шүү дээ. Үхэр нүдэн Миеэ Энхболд лав ингэж хүмүүний сэтгэлийн утсыг хөнгөхөн сэдвээр хөндөж чадахгүй дэг. 

Харин түүний ПОП-рох зургийн цомог нэлээд хэдээр нэмэгдээд ирсэн юм даг...

Ойрын өдрүүдэд манай яруу алдарт ПОП Ерөнхий сайдын маань зургийн цомог улам зузаарч буй. Тэрбээр номын сангийн барилгын ажил дээр очиж хурдан дуусгахыг шаардаж, малын ээмэгний үйлдвэрийг очиж "сонирхож", музей "үзэж", теартын барилга "шохоорхож", хотын захын хорооллоор очин "амьдрал судалж", G хорооллын багачуудын цэцэрлэгээр зочлох зэргээр тун завгүй байгаа...

Салхитын тусгай ажиллагаа буюу Г.Занданшатар

Г.Занданшатар гэх улс төрчийн хувь хүнийх нь амбицаас хэзээ ч ийм “ПОП араншин” гарахгүй гэдгийг анд нөхөд нь андахгүй гэх. Гэвч алтны дэргэдэх гууль шарладгийн үлгэрээр Г.Занданшатар оны өмнөхөн Салхитын орд дээр тусгай ажиллагаа явуулж анд нөхдийнхөө “нүдийг орой дээр нь гаргав”. Тэрбээр урьдын Зандка биш болсон нь зөв байж ч мэднэ.

Учир нь түүний зөөлөн дулаан дүр төрх, сандрангуй яриа хэл, будилуу гэмээр үйлдлүүд нь ард түмэнд угаасаа таалагдахгүй. У.Хүрэлсүх ахыгаа дагаж улс төрд удаан жил байхын тулд тэрбээр хатуу чанга ПОП ажиллагааны идэвхтэй сурагч болсон...

"Салхитын тусгай ажиллагаа" хэмээх анхны даалгавар түүний дүр төрхийг бас ч үгүй өөрчлөөд байгаа. Цаашид ПОП ажиллагаа хийхэд хамгийн тохиромжтой УИХ-ын даргын суудалд найз нарынхаа буянаар тухлаад авсан тул дараа дараачийн ажиллагаануудыг улам гоё тод томруунаар хийх байх гэсэн хүлээлт ард түмэнд байгаа.

Харин "Салхитын тусгай ажиллагаа"-ны араас  Засгийн газрын шийдвэр хэрхэн гарсан эсэх нь тодорхойгүй л байна. Ядаж л уг ордын "Тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр яг үнэнээрээ гарсан" гээд дараагийн ПОП ангиа үргэлжлүүлбэл уг нь түүнд л сайн юмсан. ПОП-чид угаасаа сэдвээр байнга дутагдаж байдаг хойно...

Миний эх орон ПОП-чдын өлгий нутаг билээ...

Манай улсын одоогийн хамгийн том дарга буюу эрх баригч МАН-ын дарга бөгөөд Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх энэхүү ПОП араншингаа дүү нартаа "өвлүүлсэн" бөгөөд эхний ПОП ажиллагааны эзнээр түүнтэй хамгийн олон жил ойр дотно найз нөхөд явсан УИХ-ын дарга Г.Занданшатарыгаа тодруулж "Салхитын тусгай ажиллагаа" нэрээр мөнхөлсөн. Харин удаад нь мөн л ойр дотно дүү, хамгийн гол нь У.Хүрэлсүхийн улс төрд МАНАН бүлэглэлийг арчих тэмцлийн гол малгай болсон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дүүгээ "Эрдэнэтийн тусгай ажиллагаа"-гаар "мөнхлөв".

Ийм ПОП ажиллагаа 2020 оны сонгууль хүртэл тасрахгүй “шинжтэй”. ПОП ажиллагаа улам төгөлдөршиж, УИХ, Засгийн газрын томчуудаас халиад Улаанбаатар хотын хамгийн том дарга хүртэл суралцаж байгааг өчигдөрхөн бид харсан.

У.Хүрэлсүхийн ПОП ажиллагааны багш буюу манай улсын мөн л хамгийн том албан тушаалтан болох Ерөнхийлөгч Х.Баттулгын боловсруулсан тактикийн дагуу маргааш бас нэг "Тусгай ажиллагаа" явагдах төлөвтэй байна...

/Үргэлжлэлийг манай улс төрчид бичиж, зохиож байгаа... Тун удахгүй.../

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.