Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны өнөөдрийн хуралдаанаар "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2019.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/"-ийг хэлэлцэв.
"Монгол улс 14 улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай ажиллаж байгаа. Одоо болтол гэрээ цуцалсан асуудал гараагүй. Аль нэг тал гэрээг цуцлах санал гаргаагүй бол автоматаар сунгагдаад явдаг" гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцоллоо.
Хэлэлцэх асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Л.Болд:
-Беларустай арван чиглэлээр ажиллана гэх юм байхгүй. Тэгэхээр ЭСЯ байгуулбал цомхон бүтэцтэй байгуулаарай. Монгол дахь Беларусын ЭСЯ гуравхан хүнтэй мөртлөө өдий хүртэл идэвхтэй ажиллаж чадаж байна. Иймд ажиллах чиглэлээ сайн фокуслаарай гэсэн юм.
Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг дэмжлээ.