Есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэр дэх 22 газар буюу 3,4 сая га газрыг улсын тусгай хамгаалалтад авах эцсийн хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан боловч, яамд хоорондын уялдаа холбоогүй, мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлын улмаас хугацаагүйгээр хойшиллоо.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир:
-Хурал хойшлох нөхцөл байдал үүсээд байна. Юу болоод байгааг тайлбарлахгүй юу хэмээхэд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх:
-Бид 3000 координатыг нэг бүрчлэн шивж оруулсан. Үүнээс гадна дотоодын хавсралтад дурдсан 500 координатыг шивэхэд процессийн алдаа гарчээ (Отгонтэнгэр хайрханы газрын заагийг Нөмрөг дээр аваачиж тавьсан.Сур). Үүнийг засах шаардлагатай.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир:
-Өмнөх хурал дээр 2-3 яам хоорондоо бичиг шидэлцсэн хариуцлагагүй үйлдэл гарсан. Одоо гэтэл бас программын алдаа гэж ярьж байна. Хяналт тавьдаггүй юм уу? Анхны хэлэлцүүлэг биш шүү дээ. Давхцал арилгах шаардлага байгаа учир хуралдааныг хойшлуулна. Харин дараагийн хуралдаан хүртэл ажлын хэсэгт хоёр даалгавар өгч байна.
Нэгдүгээрт, Яамд хоорондын асуудлыг шийдвэрлэ. 22 газрын эхэнд буй Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газартай Эрдэнэт-Овоотын төмөр зам давхцаж байгаа. Үүнийг яаж шийдвэрлэх юм? Үүнийг шийдвэрлэхгүй бол дараа нь бөөн маргаан үүснэ.
Мөн Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газар дээр 13 мянган га газрын асуудал байгаа. Эд нар яагаад давхцаад байгаа, хэн хариуцлага алдсан бэ гэдгийг ажлын хэсэг дүгнэлт гаргаж орж ир. Хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцохгүй бол энэ асуудлыг дахин хэлэлцэхгүй шүү гэлээ.
Харин үүнтэй холбогдуулж, тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Гутайн даваа орчимд гол байгааг кадастрт тэмдэглээгүй гурван лиценз олгосон байсан. Гол усын эхэд яагаад лиценз олгоод байна вэ? Гол байхгүй гэж кадастрт тэмдэглэж байгаад ямар ашиг сонирхол байна вэ? гэж ажлын хэсгээс асууж байлаа.