УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Уг хуульд орж байгаа өөрчлөлтийн гол агуулга нь "Хуулийн төслийн шинэчилсэн найруулгаар нэр томьёог олон улсын стандартын дагуу нэгтгэн, хэмжлийн нэгж, түүний эталон, стандартчилсан загвар, нэгж дамжуулалт, хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалын талаарх зохицуулалтыг тусгасан" гэж УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва танилцууллаа.
Мөн салбарын ажлын давхардал, хийдлийг арилгах чиглэлээр зарчмын зохицуулалтуудыг багтаасан ажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгийнхэнээс асуулт асууж, хариулт авсан. Уг хуулийг өргөн мэдүүлсэн Засгийн газраас төлөөлөл ирээгүйд зарим гишүүд нилээн бухималтай хандлаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
"Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Тэгчихээд байнгын хорооны гишүүд уг хуулийн төслийг нь хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүд ирэхгүй юм. Ер нь ямар ч асуудалд Засгийн газрын гишүүд нь оролцохгүй байна. Ажлын хэсгийн гишүүд нь л ажилладаг болж. Цаашид Засгийн газрын гишүүд нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр идэвхтэй оролцож байнгын хороодын гишүүдийн саналыг тусгадаг байдлаар дараа дараагийн хуулиуддаа анхаармаар байна. Байнгын хорооны гишүүд болгочихдог гэсэн шиг цаас чулуудчихдаг, түүн дээр нь бид нар ажилладаг. Уг нь хуулиараа Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүд нь оролцдог байх дэгтэй" хэмээлээ.