ШУУД: Баянзүрх дүүргийн Тамгын газарт өнөөдөр юу болов?
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт өглөө 09 цагт Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар дүүргийн Засаг даргаар томилогдсон Э.Бат-Амгалан нарын найман хүн тамга, тэмдгээ хуулийн дагуу авахаар хүрэлцэн ирснээр маргаан үүсжээ.
"Ирэхдээ бөхчүүд дагуулж ирсэн. Төрийн эрхийг хүчээр авлаа" хэмээн Баянзүрх дүүргийн АН-аас мэдээлж байна.
Харин Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхээр ирсэн" гэлээ.
Иргэдийн хувьд "Манай дүүрэг хоёр ИТХ-тай боллоо. Газартай холбоотой аливаа үйлчилгээ нэг сар гацаад байна. Хүмүүс газраа шилжүүлж чадахгүй, шинээ газар эзэмшиж чадахгүй байдалд хүрээд байна" хэмээлээ.
11 цагт эмх замбараагүй байдал намжсан, цагдаа нар зохицуулсан гэж мэдээллээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Баянзүрх дүүргийн МАН-ын байранд ирэхэд, тус дүүргийн МАН-ын бүлгийн дарга Б.Галцог "Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэх гэж ороод харамсалтай нь чадсангүй. Тэнд байгаа дүүрэн хүн бол дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид байгаа юм. Тэнд иргэн хүн үйлчилгээ авах ямар ч боломжгүй байна. Жирийн хүнийг унагаж гарыг нь хугалсан хүртэл асуудал гаргасан" гэлээ.