Их Британийн Asos брэндийг эзэмшигч загварын ордны тэрбумтан Андерс Холх Повлсены хүүхдүүд Шри Ланка улсад өнгөрсөн ням гарагт болсон террорист халдлагад өртөж амиа алджээ.
Форбес сэтгүүлийн танилцуулснаар Повлсен 7,9 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр Дани улсын хамгийн чинээлэг эрхмээр нэрлэгдсэн байна. Мөн Шотландад хамгийн том газар эзэмшигч төдийгүй Их Британийн цахим худалдааны Asos брэндийн хамгийн том, Германы Zalando онлайн хувцасны сайтын хоёр дахь том хувьцаа эзэмшигч ажээ. Повлсен болон түүний эхнэр Энн Сторм Педерсен нар Шотландад 80,000 га талбайг худалдан авч онгон зэрлэг хэвээр нь үр хойчдоо үлдээхээр хамгаалдаг байна.
Ням гарагийн орой улаан өндөгний баярын үеэр Шри Ланкын тансаг зэрэглэлийн зочид буудлууд, сүмүүдэд гарсан халдлагын улмаас 290 хүн амь үрэгдсэн. Цагдаа нарын мэдээлснээр долоон амиа золиослогч уг халдлагыг үйлджээ.
Данийн чинээлэг гэр бүлийн харилцаа холбоо хариуцсан менежер Жеспер Стабкирын мэдэгдсэнээр “гурван хүүхэд халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан гэдгийг мэдэгдэж байна. Гэр бүлийн хувийн нууцыг хүндэтгэж илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ.
Тэрбумтан Агнес, Астрид, Алма, Алфред гэсэн дөрвөн хүүхэдтэй ба эдгээрийн аль нь амиа алдсан болон гэр бүлийн бусад гишүүд Шри Ланкад байсан эсэхийг тодруулахыг хүссэн боловч хариу өгөхөөс татгалзсан байна.
Повлсены хамгийн их хувьцаа эзэмшдэг Британийн Asos брэндийг эцэг нь эх үүсгэн байгуулж тэрээр 28 настайгаасаа хувцас загварын бизнест хөл тавьжээ. Vero Moda, Jack&Jones зэрэг брэндүүд ч мөн түүнийн эцэг эх үүсгэн байгуулалцаж байсан брэндүүд юм. Asos өнгөрсөн жилд 40 сая фунтын бараа бүтээгдэхүүн худалдсан байна. Үүнээс гадна Их Британийн нийслэл Лондон хотод хэдэн зуун сая фунтын тансаг харш, тэнгэр баганадсан өндөр барилгуудыг эзэмшдэг гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com