Филиппиний Лузон арлын Бодего тосгоны ойролцоо 6,1 магнитудын хүчтэй газар хөдөлж багаар бодоход найман иргэн амиа алдсан тухай албаны хүмүүс мэдээллээ. Орон нутгийн цагаар даваа гарагийн орой 17:11 минутад газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
Арлын нисэх буудлын барилга сүйдсэнээс гадна хоёр барилга нурсан гэж мэдээлжээ. Пампанга мужид нурсан барилга доор олон арван иргэн дарагдсан байж болзошгүй гэж эрх баригчид эмээж байна. Тус мужийн захирагч Лилиа Пинеда Reuters агентлагт өгсөн яриандаа 20 гаруй хүн газар хөдлөх үеэр гэмтэж бэртсэн гэжээ.
Лубао тосгонд настай эмэгтэй ач хүүтэйгээ амиа алдсан байсныг олсон байна. Мөн дэлгүүрт байсан гурван хүн амиа алджээ.
Филиппин улсын нийслэл Манила хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж тэнгэр баганадсан өндөр барилгууд ганхсан гэж мэдэгдлээ. Манилагаас цаг орчим зайтай Кларк олон улсын нисэх буудлын барилга сүйдэж долоон хүн бэртжээ. Уг нисэх буудлын үйл ажиллагааг 24 цагаар түр зогсоож нислэгүүдийг цуцаллаа. Барилгын аюулгүй байдлыг шалгаж дуусах хүртэл нийслэл дэх Де Ла Салле их сургуулийн хичээлийг түр завсарлуулсан байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com